Баянхонгор аймаг энэ онд 500 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-14 16:33:43
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянхонгор аймаг нэгдэн 2030 он хүртэл 20 сая мод тарихаар төлөвлөжээ. Энэ хүрээнд тус аймаг 2022 онд 500 мянган мод тарихаар болсон байна.
Мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлаас гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байгаа юм. Энэхүү төлөвлөгөөнийхөө хүрээнд Баянхонгор аймагт 307 хүн байнгын, 35 мянган хүн түр ажлын байраар хангагдах тооцоо гарсан байна.
2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98.1 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй 9.8 хувь,  хүчтэй 33.6 хувь, дунд зэрэг 54.7 хувийг тус тус эзэлж байна. Иймээс аймгийн хувьд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро-ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх нь хамгийн бодит үр дүн болох юм.
Баянхонгор аймаг нь шилмүүст ойтой 5 сум, заган ойтой 7 сумын ойн сангийн нийт талбай 820681 га буюу аймгийн нутаг дэвсгэрийн 7,06 хувийг эзэлдэг. Баянхонгор аймагт 1 сум дундын ойн анги, 12 ойн нөхөрлөл ажиллаж байна.
Холбоотой мэдээ