Ковидын тархалтын түвшин бага түвшин рүү шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-14 14:33:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногт Дундговь аймагт коронавируст халдварын 15 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүнд ногдох өвчлөлөөр 3,2 хувь болж буурсныг аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Энэ хугацаанд PCR шинжилгээнд 281 хүн хамрагдсанаас 5, түргэвчилсэн шижилгээнд 261 хүн хамрагдсанаас 10 тохиолдол эерэг гарчээ. Ингэснээр тус аймгийн хувьд ковидын тархалтын түвшин бага түвшин рүү орж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар гэрээр эмчлүүлэх эмчилгээний багцын олголтыг зогсоож, нэмэлтээр дэлгэсэн орыг буулгажээ.

Өөрөөр хэлбэл өрхийн ЭМТ, суманд гэрээр олгож байсан эмчилгээний багцыг цаашид эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэхгүй болж байгаа ажээ.

Ковидын дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар Дундговь аймгийн хувьд вакцинжуулалтын хамрагдалт 44.8 хувьтай байгаа нь улсын дунджаас бага үзүүлэлттэй байгааг ЭМГ-ын дарга Б.Алтантөгс онцолсон. 

Харин томуугийн өвчлөл өндөр байгаа ба 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нэмэгдэж, сүүлийн 5 хоногийн мэдээгээр аймгийн нэгдсэн эмнэлэгт 76 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат аймгийн ЗДТГ, хэлтэс агентлагийн удирдлагуудад “ковидын халдвар устаагүй, дэлхий дээр өөр хувилбарууд бүртгэгдэж байгаа учраас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэх, томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй уялдаа холбоотой ажиллах”-ыг үүрэг болгосныг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ