Цагаатгах нөхөх олговрыг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-03-14 16:14:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат хэлмэгдсэн иргэн Б.Баянжаргалын үр хүүхдийг хүлээн авч уулзан, тус бүрийн 8 сая төгрөгийн  /нийт 40 сая/ нөхөх олговрыг холбогдох хувийн дансанд нь шилжүүлсэн  батламжийг гардуулав.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинээр гарсан журамд заагдсан холбогдох шаардлагын дагуу ах дүү таван хүнд нөхөх олговор олгох шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянхонгор аймгийн Цагаатгах комиссоос Заг сумын оршин суугч Баянжаргалын Жамбалзундуй, Баянжаргалын Баасандолгор, Баянхонгор сумын оршин суугч Баянжаргалын Базаррагчаа, Баянжаргалын Оюун, Баянжаргалын Уранчимэг нарт  ийнхүү олгож байгаа юм. 

Балжин овогтой Баянжаргал нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэргээр шийтгүүлсэн нь тогтоогдсон бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн коллегийн 1992 оны 8-р сарын 10-ны өдрийн 132 дугаар магадлалаар цагаатгасан байна.

Хуульд заасны дагуу “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох"-оор тус тус заажээ.

Ташрамд дуулгахад, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуульд орсон зарим өөрчлөлтүүдийн дагуу хэлмэгдсэн иргэдийн төрсөн болон үрчилж авсан хүүхдүүдээс материалын бүрдэл хангаж 2020 онд  9 иргэнд 680  сая төгрөгийн, 2021 онд 4 иргэнд 121 сая төгрөгийн нөхөх олговорыг олгосон бөгөөд 2022 онд 4 иргэний 240 сая төгрөгийн нөхөх олговор олгогдохоор шийдвэрлэгдэн эхний 5 иргэнд 40 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байгаа аж.

Холбоотой мэдээ