Төлчин эмэгтэйчүүдийн чуулганд 155 эмэгтэй оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-14 09:48:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Малчны хотонд төлийн дуу цангинасан хаврын өдөр, 3 дугаар сарын 11-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төлчин эмэгтэйчүүд чуулж, санал бодлоо илэрхийллээ.  

“Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-д тус сумын 9 багийн 155 төлөөлөгч, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, сумын удирдлагууд оролцжээ.

Энэ үеэр сумын Засаг даргын 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг иргэддээ тайлагнаж, аймгийн ХХҮГ, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, БОАЖГ, Политехник коллеж, НДГ, ХХААГ, ГХБХГ-аас малчин эмэгтэйчүүдэд мэдээлэл өгсөн аж.

Сайнцагаан сум засаг захиргааны нэгжийн хувьд хөдөөгийн 4, төвийн 5 багтай, төв, хөдөө хосолсон онцлогтой сум юм. Тус сум 2021 оны эцсийн мал тооллогын дүнгээр 32600 толгой мал тоолуулсан. 893 малчин, 189 мал бүхий өрхтэй бөгөөд 1083 малчинтай. Тэдгээрийн 600 гаруй нь эмэгтэйчүүд байна.

Чуулга уулзалтын үеэр мал сүргээ өсгөн үржүүлж, эрхэлсэн хөдөлмөртөө амжилт гаргасан 4 эмэгтэйг аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр, мөн 8 эмэгтэйг сумын "Хүндэт тэмдэг", сумын "Засаг даргын жуух бичиг"-ээр, 5 эмэгтэйг Монголын эмэгтэйчүүдийн холбооны "Хүндэт тэмдэг"-ээр тус бүр шагнан урамшуулсан байна.

Төлчин эмэгтэйчүүдэд зориулан аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олон тоглолтоо толилуулж, СТА, дуучин Я.Гэрэлчулуун ая дуугаа өргөн барьжээ. 

Холбоотой мэдээ