Төсвийн орлогын төлөвлөгөөг 25.1 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-10 10:58:47

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2022 оны 1 дүгээр сард аймгийн төсөвт 2794.0 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 2523.7 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 25.1 хувиар давуулан биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1121.1 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 850.7 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 7.5 хувиар биелүүлээгүй байна. Төсвийн орлогын төлөвлөгөөг Ихтамир, Эрдэнэбулган, Өгийнуур, Хайрхан, Хашаат, Чулуутаас бусад сум 109.8 хувиас 3.9 дахин ихээр давуулан биелүүлсэн байна.         

Аймгийн төсвийн орлогын 66.3 хувийг тусламжийн орлогоор, 23.7 хувийг орлогын албан татвараар, 3.2 хувийг хөрөнгийн албан татвараар, 2.6 хувийг бусад албан татвараар, 4.1 хувийг татварын бус орлогоор, 0.1 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн татвар, улсын тэмдэгтийн хураамж, газрын төлбөр, ой нөөц ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогуудыг 36.0-69.3 хувиар  биелүүлээгүй, бусад нэрийн орлогыг 103.4 хувиас 2.7 дахин давуулан биелүүлсэн байна.

Улсын төвлөрсөн төсөвт аж ахуй нэгжийн орлогын татвараар 88.7 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвараар 257.5 сая төгрөг,  агаарын бохирдлын төлбөрөөр 1.6 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөр 0.4 сая төгрөг бүгд 348.5 сая төгрөгийг шилжүүлж, төлөвлөгөөг 10.7 хувиар давуулан биелүүлжээ.

Холбоотой мэдээ