Таван байгууллагын санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” санал дүгнэлт өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-09 17:04:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газраас Төсвийн шууд захирагчдын 2021 оны санхүүгийн тайланд дүгнэлт өгчээ. Төсвийн шууд захирагчдын өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар нийт 21,494.6 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 11,141.4 сая төгрөгийн зөрчил нь шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой байна. Аудитын явцад 8,279.8 сая төгрөгийн алдааг залруулан, 28.9 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 820.9 сая төгрөгийн зөрчилд таслан зогсоох, дахин давтахгүй байх албан шаардлага хүргүүлж, 1,223.4 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргүүлжээ.

Нийт дүгнэлт гаргасан 161 төсвийн шууд захирагчдаас 155 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд “Зөрчилгүй” санал дүгнэлт, 1 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд “Сөрөг” санал дүгнэлт, 5 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд “Хязгаарлалттай” санал дүгнэлт гаргаж ажилласан байна. Мөн 114 төсвийн шууд захирагч, тусгай сангийн 2021 оны санхүүгийн тайланд үе шатны ажлыг хэсэгчлэн хийж дууссан гэдгийг Хөвсгөл аймаг дахь Төрийн аудитын газрын менежер Б.Тэгшдэлгэр мэдээллээ.

 


Холбоотой мэдээ