ҮАГ:Эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо уялдаагүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод норм, стандарт зөрчин дулааны шугам дээр барьсан 53, мөн 0.5-3 метрийн зайд барьсан 147 гээд, нийт 200 барилга байгууламж байна.
Нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх шийдвэрийн дүнд 7.3 төгрөгийн өр үүсээд байгаа. Энэ өр төлбөрийг Сангийн яам, БОАЖЯ төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар шийдээгүй нь яамд хоорондын уялдаа холбоо сул байгааг харуулж байна хэмээн Үндэсний Аудитын газраас сэтгүүлчидтэй зохион байгуулсан уулзалтын үеэр дурдав.
Эрчим хүчний
салбарын бодлогын хэрэгжилтийг хангах тогтолцооны тухайлбал, хөндлөн чиглэлийн
шинжилгээгээр Сангийн яам, БХБЯ, УУХҮЯ, ЗТХЯ, БОАЖЯ хоорондын уялдаа холбоо,
оролцоо бүрэн хангагдаагүй, босоо чиглэлийн шинжилгээгээр Засгийн газар нь
салбарын тулгамдсан асуудлыг үр дүнд хүрэхүйц байдлаар дэмжээгүй зэргээр
харилцан хамаарал алдагдсаныг уулзалтын үеэр мэдээлсэн юм.
Түүнчлэн эрчим
хүчний үйлдвэрлэлийн найдвартай, аюулгүй байдлыг хангах зорилт, үйл ажиллагааны
хэрэгжилт хангалтгүй байгаа гэж дүгнэсэн байна. Тухайлбал, эрчим хүчний 2020
оны оргил ачаалал 1,303.0 МВт болж өмнөх оныхоос 13 хувиар нэмэгджээ. Ачаалал сүүлийн
10 жилийн дундаж хурдаар нэмэгдвэл 2024 онд 1,553.0 МВт хүрэх тооцоо бий. Харин
ЭХЯ, ЭХЗХ-ноос 1,680.0 МВт хүрэх төлөвлөгөө гаргаад байгаа аж.