Аялал жуулчлалыг хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-05 22:18:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форум эхэлж, 140 төлөөлөгч оролцож байна.

Тус форумын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Усны газрын дарга Ш.Мягмар, Ногоон хөгжил төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Болормаа нарын албаны хүмүүс урилгаар хүрэлцэн иржээ.

Мөн “Говийн шуранхай” Аялал жуулчлалын холбоо, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Дэл уул” ТББ, Дундговь аймгийн аялал жуулчлалын компани, жуулчны бааз,  зочид буудал, ресторан, зоогийн газар, гар урлал үйлдвэрлгчид, 15 сумын удирдлагууд  оролцож байна.

Аялал жуулчлалын нөхцөл байдал, тус салбарт тулгамдаж буй асуудал, нөөц боломж, цаашид хөгжүүлэх боломж, стратегийг хэлэлцэн тодорхойлох энэхүү форум хоёр өдөр үргэлжлэх юм.

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Форумын үйл ажиллагааг нээж  хэлсэн үгэндээ “Энэ жил Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд түүхэн ойн хүрээнд хийж буй томоохон ажлын нэг нь энэхүү “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын анхдугаар форум юм. Энэ хоёр өдөрт Дундговь аймагт аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх, ямар нөөц боломж байгаа зэрэг асуудлаар хэлэлцэхээр аялал жуулчлалын чиглэлийн мэргэжилтнүүд, экспертүүд, тус чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох мэргэжилтнүүд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна.

Манай аймаг мал аж ахуйд суурилсан эдийн засагтай бөгөөд дараагийн хөгжлийн боломжийг аялал жуулчлал гэж харж байна. Өнөөдрийн форумын үр дүнд Дундговь аймагт аялал жуулчлал түлхүү хөгжсөнөөр тэндээс олох орлогыг хэрхэн тодорхойлох, цаашид өргөжүүлж, хөгжүүлэх тал дээр шинэ санал, шийдлүүдийг гаргаж ирэх юм. Түүнчлэн байршлын хувьд Улаанбаатар хоттой ойр бөгөөд богино эргэлтийн маршрут гаргаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж харж байна” хэмээн онцоллоо.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ форумын үеэр төлөөлөгчдөд хандан хэлсэн үгэндээ "аймгуудаас хамгийн эхэлж, Дундговь аймаг Аялал жуулчлалын форумаа зохион байгуулж байгаад баяртай байна" гээд аялал жуулчлалын талаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар Дундговь аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өнөөдрийн хуралдаанаар Цахим аялал жуулчлал, Гэр ба байгаль төслийн танилцуулга, “Монголын аялал жуулчлалын салбарын чиг хандлага, говийн бүсийн аялал жуулчлалын бодлого төлөвлөлт, Түүх соёлын дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн  болгох боломж, Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал зэрэг сэдвүүдээр салбарын мэргэжилтнүүд, экспертүүд илтгэл тавьж мэдээлэл өглөө.

Тэдгээрийн дотроос “Говийн шуранхай” аялал жуулчлалын холбооны гүйцэтгх захирал П.Мөнхбат “Дундговь аймгийн аялал жуулчлалын нөөц боломж, төсөл хөтөлбөр, эвент үйл ажиллагааны төлөвлөлт” сэдвээр, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр “Орон нутагт өгөөжтэй, хөгжил тээсэн аялал жуулчлалын стратеги” сэдвээр илтгэсэн нь оролцогчдын сонирхлыг илүүтэй татсан юм.

МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр илтгэлдээ “гадаадын жуулчдын оруулж ирж байгаа 1$ Монгол Улсад нэмүү өртөг шингээж 1,4 $ болж өгөөжөө өгч байна. Энэ тоо Дундговь аймагт 0,8 хувьд ч хүрэхгүй байгаа. Энэ нь гадаадын жуулчдын тус аймагт оруулж байгаа үр ашиг маш бага байгааг харуулж байна гээд тус аймаг  байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой, баялаг ихтэй “Дуу хуурын өлгий” гэдгийг өмнөх илтгэлүүдэд танилцуулсан, түүнийг ойлгож,  бахархаж байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн танилцуулснаар цөлжилт нүүрлэж байгаа нь орон нутгийн хүн амын амьдрал, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа зэрэг нөхцөлүүдээс аялал жуулчлалыг өнөөдөр бодитойгоор ярих шаардлагатай байгааг онцоллоо.  

Тэрээр цааш нь “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дундговь аймгийн аялал жуулчлал соёл, эдийн засаг, байгаль орчин, оюун санаа, ёс зүйн гэсэн 5 үр ашгийг аялал жуулчлалаар хэрхэн бүтээх вэ гэдэг нь тус аймгийн хөгжлийн концепци байх ёстой.

Дундговь аймаг зах зээлийг маш сайн харж, давуу тал, сул талаа сайн гаргаж, өндөр зэрэглэлийн үнэтэй тансаг болон тусгай аялал, массын аялал гэсэн гурван зах зээлд жуулчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлж, аялал жуулчлалыг хэрхэн урлах тухайгаа бодож төлөвлөх ёстой.

Гадаадын жуулчдад “Дотоод оюунаа санаагаа дүүргэх зам чинь Дундговьд байна” гэсэн  утга санаагаар “Middle Gobi as route to Mindfulness” гэж танигдвал зүгээр санагддаг хэмээн танилцуулаад, цаашид Дундговь аймаг аялал жуулчлалаа ямар стратериар хэрхэн хөгжүүлж болох талаар санал дэвшүүлсэн.

Форумын үйл ажиллагаа маргааш үргэлжилж, Дэл уул, Цагаан суварга орчны аялал жуулчлал, Спорт аялал жуулчлал, Дундговь аймгийн аялал жуулчлалын анхаарах асуудал, хөгжүүлэх боломж зэрэг асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэх бөгөөд тус аймгийн “Аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийн төлөвлөгөө”-ний төсөлд оруулах санал авах юм.

Мөн “Дундговьд үйлдвэрлэв” EXPO-гийн нээлт хийж, орон нутгийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үзэж сонирхох ажээ.

Холбоотой мэдээ