Эрдмийн далай цогцолбор сургуулийн барилгыг энэ онд засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-03-03 12:55:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Дундговь аймгийн Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн засварын төсөл”-ийг санхүүжүүлэхээр боллоо.

Төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар 3 дугаар сарын 1-нд гарын үсэг зуржээ. 

Энэ үеэр элчин сайд Х.Кобаяши “энэхүү төсөл нь өнгөрсөн оны хавар Дундговь аймгийг дайран өнгөрсөн хүчтэй салхины улмаас үүссэн хохирлыг арилгахад дэмжлэг болно гэдэгт итгэж байна” гэсэн бол аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Япон улсын Засгийн газрын  “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь тус аймгийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцолж, талархаж  байгаагаа илэрхийлсэн байна.  

Эрдмийн далай цогцолбор сургуулийн барилга 1977 онд ашиглалтад орсон бөгөөд дээвэр нь өнгөрсөн жилийн хавар тус аймагт тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр хуурч, шаардлага хангахааргүй болжээ.

Ийнхүү  Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн тусламжаар 2022 онд хэрэгжих тус төслийн үр шимийг Эрдмийн далай цогцолбор сургуулийн 109 багш, ажилтан, 1531 сурагч хүртэх аж.  

Холбоотой мэдээ