Д.Оюунхорол: Төрийн албаны залгамж чанарыг эрхэмлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-07-25 13:09:34

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ сарын 23-ны морин цагт ажлаа хүлээж авлаа.

Шинээр томилогдсон сайдад тамга гардуулах үед Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх “Д.Оюунхорол өмнө нь энэ салбарыг удирдаж байсан ажлын туршлагатай. Тиймээс өмнөхөөсөө ч илүү үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Д.Оюунхорол өмнө нь гар нийлж, үр бүтээлтэй ажилласан хамт олонтой дахин хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд “Төрийн албаны залгамж чанарыг эрхэмлэх болно” хэмээв.

Түүнд БОНХАЖ-ын сайд асан Н.Батцэрэг тамгыг гардуулж, ажлын амжилт хүслээ.

Д.Оюунхорол 1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль, 1986 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг математикийн багш мэргэжлээр, 2003 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Дэд доктор, дэд профессор цолтой.

Тэрбээр 1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26-р дунд сургуульд Математикийн багшаар ажлын гараагаа эхэлж, 1987-1989 онд тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлж, 1989-1990 онд Туул хорооны ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч, 1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн захирлаар тус тус  ажиллажээ.

Д.Оюунхорол 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2008 онд  Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2008-онд УИХ-д дахин сонгогдож, 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв. 

Мөн тэрээр 2012 оны УИХ-ын гишүүнээр  дахин сонгогдож, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажилласан. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажилласан юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ