Н.Уртнасан: Наурыз баярыг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-02 15:35:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний уламжлалт "Наурыз" баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэхээр Улаанбаатар хотоос ажлын баг ирж Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Уг асуудлаар ажлын багийн ахлагч, Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн Н.Уртнасантай ярилцлаа.


Казах түмний хаврын баяр "Наурыз"-ыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр ажлын баг орон нутагт ирж ажиллаж байгаа юм байна. Уг ажлын явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Наурыз баярыг Төв Ази, Ойрх Дорнодын орнууд өргөн дэлгэр тэмдэглэдэг. Уг баяр нь ямар нэгэн шашинтай холбоогүй, шашин үүсэхээс өмнө дорнын ард түмэн тэмдэглэж ирсэн түүхтэй. Наурыз баярыг дэлхийн 14 орон ЮНЕСКО-д бүртгүүлсэн байгаа. ЮНЕСКО-д бүртгүүлнэ гэдэг нь хүн төрөлхтний соёлын олон төрлийг бий болгох, баяжуулахад онцгой хувь нэмэр оруулж байгаа соёлын биет бус өв гэсэн утгаар бүртгэлд авч, тэтгэж дэмжих, хөгжүүлэх үйл явц юм. Казах иргэд амьдардаг улс орнуудад Наурыз баярыг өргөн тэмдэглэдэг. Харин Монгол улсад амьдардаг казах иргэд уг баярыг өвөрмөцөөр өргөн хүрээнд тэмдэглэдэг. Өнгөрсөн зуунд баярыг тэмдэглэхийг тас хорьсон боловч 1990-ээд оноос дахин сэргээсэн. Иймээс Наурыз баярыг Монголд байгаа казахууд ч тэмдэглэдэг юм шүү гэдгийг цохон тэмдэглэхийн тулд ЮНЕСКО-гийн бүртгэлд оруулах санал тавиад байгаа.


ЮНЕСКО-д бүртгүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна?

- Уг ажлыг Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамнаас дэмжиж, Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд ажлын баг ирж, Баян-Өлгий аймагт амьдардаг казах түмэн Наурыз баярыг хэрхэн онцлогтой тэмдэглэдэг вэ гэдгийг баримтат кино болгон харуулахаар ажиллаж байна. Ажлын багт Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, МҮОНРТ-ийн найруулагч Х.Досан тэргүүтэй хүмүүс багтсан. Ер нь Монголын казахууд бусад оронд амьдарч байгаа казах иргэдээс онцлогтой. Өөр улсад амьдардаг казахууд ерөнхийдөө суурьшсан, бэлчээрийн мал аж ахуйг дагаад амьдарч байгаа казах түмэн Монголоос бусад оронд байхгүй гэж хэлж болно. Малчин, нүүдэлчин казахууд Наурыз баяраа яаж тэмдэглэдэг вэ гэдэг нь сонин байгаа. Тийм учраас хөдөөгүүр явж, малчин казахууд Хаврын баяраа хэрхэн тэмдэглэдэг, яаж орчин тойрноо цэвэр болгодог, өглөөний нарыг хэрхэн угтдаг, малчин ардууд өөр хоорондоо хэрхэн мэндэлдэг, Наурызын магтаал, ерөөлийг хэрхэн хэлдэг талаар зураг авалт хийнэ. Ер нь казах түмэн Наурыз баярыг зөвхөн нэг өдөр биш, сарын турш тэмдэглэдэг, тухайн сарыг хүртэл Наурызын сар хэмээн нэрлэдэг юм байна шүү дээ. Мөн тухайн сард төрсөн хүүхдүүдэд Наурызбай, Наурызгүл зэргээр нэр өгдөг уламжлал ч байна. Энэ бүх сайхан зан заншлыг хальсанд буулган кино, нэвтрүүлэг хийж, Наурыз баярыг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлнэ. Бүртгэж авах байх гэж найдаж байна.


ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхийн ач холбогдол юунд байдаг вэ? Бүртгэсэн тохиолдолд манай улсад ямар боломж бий болох вэ?

- Наурыз баярыг "хүн төрөлхтний соёлын олон төрлийг баяжуулахад асар их ач холбогдолтой баяр" хэмээн ЮНЕСКО хүлээн зөвшөөрсөн байгаа. Тиймээс жагсаалтад бүртгүүлэх нь хүн төрөлхтний соёлыг баяжуулахад Монголын казах түмэн том хувь нэмэр оруулж байна гэж дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх хэрэг шүү дээ. Нөгөө талаар дэлхийн хамтын нийгэмлэгийн хамгаалалтад орох учраас дэлхий нийтээрээ Наурыз баярыг дэмжих, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь казахын ард түмэн ийм өвөрмөц баяр, соёлтой шүү гэдгийг дэлхийд илэрхийлэхийг харуулж байгаагаараа ач холбогдолтой.


- Баярлалаа!

Холбоотой мэдээ