“Японы ард түмэнд баярлалаа” үйл ажиллагаа боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-23 16:27:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас “Японы ард түмэнд баярлалаа” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.


Энэ үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон холбогдох албаныхан 1994-1995 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар, “Улаанбаатар хотын Зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд барьсан автобусны гарааш, техникийн үйлчилгээ засвар хийх барилгын нөхцөл байдалтай танилцав. Мөн уг төслөөр нийлүүлж байсан япон автобусыг үзэж сонирхлоо.


Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээндээ, Зорчигч тээврийн нэгтгэл нь Япон Улсын Засгийн газраас олгож байгаа тусламжтай салшгүй холбоотой. Тухайлбал, барьснаас хойш 24 жил өнгөрсөн ч өнөөдөр ашигласаар байгаа засвар үйлчилгээний  барилга, монголчуудад “Цэнхэр автобус” гэдгээр нь санаж байдаг автобусыг хараад сэтгэл хөдөллөө. Энэ төсөл нь хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд тус нэмэр болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.


Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Монгол Японы Найрамдлын нийгэмлэгийн гишүүн байгууллага Зорчигч Тээврийн Нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баттөр, Монгол Японы Найрамдлын нийгэмлэгийн дарга Ц.Сандуй, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар оролцлоо.   


Холбоотой мэдээ