ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөж буйгаа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах санал дүгнэлт боловсруулах ажлын багийг ахалж буй юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчидтай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсох аж. Мөн гадаадын хөрөнгө оруулагч ямар шалтгаанаар хууль хяналтын байгууллагаар шалгуулсан, аль хөрөнгө оруулагч хэдэн төгрөгийн хохиролтой байгаа, түүнийг шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж буйг ХЗДХ-ийн сайд онцолсон юм. Уг уулзалтад гадаад орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-ын тэргүүн нар, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг мөн урьжээ.