Ирэх сарын 1-нээс "Оюутан цэргийн бүртгэл" эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-22 12:16:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутан цэргийн бүртгэлийг "e-Mongolia" системээр ирэх сарын 1-10-ны өдөр явуулахаар болсон тухай Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өнөөдөр мэдээллээ.


Тодруулбал, ирэх сарын 1-нд "Оюутан цэргийн бүртгэл"-ийг цахимаар буюу "e-Mongolia"-гаар дамжуулан авна. Батлан хамгаалах яамнаас 2022 оны 1 дүгээр сард цэргийн бүртгэлийг улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100 мянга гаруй иргэн цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэсэн юм. Иймээс тус яамнаас цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох "Оюутан цэргийн бүртгэл"-ийг ийнхүү цахимаар явуулахаар болоод байна.


Он гарсаар тѳрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем "e-Mongolia"-д төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулсан бөгөөд давхардсан тоогоор нийт 8.5 сая гаруй иргэн цахимаар үйлчилгээ авсан байна. Үүний 56 хувь нь нийслэл хотын иргэд байгаа бол 44 хувь нь хөдөө, орон нутгийн иргэд байгаа юм. 


Шинээр нэмэгдсэн үйлчилгээнүүдийг товч танилцуулбал:

  • Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл, 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ, 
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг "Хүүхдийн мөнгө авах хүсэлт" зэрэг 18 үйлчилгээ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээтэй болоод байна. 

Үүний зэрэгцээ, энэ онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, "И-Монгол" академи хамтран 21 аймгийн нутгийн захиргааны 1200 гаруй үйлчилгээг цахимжуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Өнгөрсөн онд нийт найман аймгийн 498 үйлчилгээг цахимжуулж, "е-Mongolia" системд нэгтгэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, санал солилцсон байна. Уулзалтаас "цахим жишиг аймаг" хэмээх концепц боловсруулан энэ пүрэв гарагт аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулах бөгөөд "e-Mongolia" иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг аймгуудад байгуулахаар төлөвлөж байна.



Холбоотой мэдээ