ТЕГ: Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-18 17:14:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг өчигдөр тагнуулын байгууллагаас баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэг явуулсан.


Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр өнөөдөр мэдээлэл өгөхдөө, “Тагнуулын байгууллага Эрүүгийн хууль дахь “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоож мөрдлөг явуулдаг. Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг баривчилсан үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийе" хэмээн тодотгоод "Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үүрэг даалгавар биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон тул өчигдөр баривчлан саатуулсан. Мөн тэрбээр гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж мөнгөн урамшуулал авч байсан бөгөөд түүнийг үйлдэл дээр нь баривчилсан. Иргэн Ч.Мөнхбаярын гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, валют илрүүлэн хураан аваад байна" гэлээ.


Ташрамд дурдахад, иргэн Ч.Мөнхбаяр нь “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн юм.



Холбоотой мэдээ