Сум, байгууллагын удирдах ажилтнуудтай ёс зүйн гэрээ байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-02-18 14:12:18

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулж буй “Шинэ сэргэлтийн бодлого, төрийн бүтээмжийн сэргэлт, стандарттай төрийн үйлчилгээ” сэдэвт сургалт энэ сарын 17-нд эхэлсэн. Сургалтад 25 байгууллага, 17 сумын удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүд оролцож буй

Энэ үеэр УИХ-ын 2021 оны 106 тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан төрийн бүтээмжийн сэргэлтийн асуудлыг орон нутагт хэрэгжүүлэх, төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх, сум, байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор албаныхан нэгдсэн мэдээлэл хийсэн байна. 

Мөн “Зөв менежмент зөв тогтолцоо” олон улсын чанарын менежментийн тогтолцооны стандартаар төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг удирдахуй сэдэвт илтгэлийг Т.Мөнгөнбөгж танилцуулсан аж.

Тус сургалтын үйл ажиллагаа өнөөдөр үргэлжилж байгаа бөгөөд сум, байгууллагын дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтнуудад архив албан хэрэг хөтлөлт, хууль эрх зүйн мэдлэг олгож буй. Мөн энэ үeэр байгууллагын дарга, сумдын ЗДТГ-ын дарга нартай ёс зүйн гэрээ байгуулахаар төлөвлөсөн гэж ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ