Дундговь аймаг өдөр тутмын бэлэн байдалд шилжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-15 12:16:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр болж, хязгаарласан зарим үйл ажиллагааг цуцлан өдөр тутмын бэлэн байдалд шилжиж байгааг мэдэгдлээ. 

Онцгой комиссын өмнөх хуралдаанаас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2022 оны 3 дугаар сарын  31-нээр тогтоож, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын, бялдаржуулах фитнес, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг танхимын 50 хүртэл хувийн дүүргэлттэйгээр хариуцлагын гэрээ байгуулсны үндсэн дээр зохион байгуулах шийдвэр гаргасан байсан.

Тэгвэл өчигдрийн хуралдаанаас энэ хугацааг наашлуулж, 2 дугаар сарын 15 болгожээ. Өчигдрөөс аймгийн 19 сургууль, 22 цэцэрлэгийн сургалт 100 хувь танхимаар хичээллэж, хэвийн байдалдаа шилжлээ.  

Ийнхүү хоёр жил гаруй хугацаанд коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж байсан өндөржүүлсэн бэлэн байдал, хязгаарлалт зогсож, хэвийн амьдралдаа шилжиж байгаа ч гэсэн өдөр тутмын амьдралдаа мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж, өндөр хариуцлагатай байх, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос уриалжээ.

Холбоотой мэдээ