Том малын хорогдол 19.7 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-11 12:38:40

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрөгч 2021 онд хээлтэгч малын 79.1 хувь нь буюу 1938.1 мянган мал төллөж, гарсан төлийн 91.7 хувь нь буюу 1777.9 мянган төл бойжиж байна. Төл бойжилтыг малын төрлөөр үзвэл гарсан ботгоны 94 хувь, унаганы 91.2 хувь, тугалын 91.7 хувь, хурганы 92.4 хувь, ишигний 90.5 хувь нь бойжиж байна.

Сумдаас Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Эрдэнэмандал, Эрдэнэбулган сум гарсан төлөө 97.3 – 99.9 хувиар бойжуулж байна.

Өнгөрсөн оны мөн үеийнхээс аймгийн дүнгээр төллөсөн мал 3.8 хувиар буурч, 142.3 мянган толгойгоор илүү төл мал бойжиж байна.

12 дугаар сарын 31-ний  байдлаар оны эхний мал 96.8 хувиар онд орж, оны эхний малын 3.2 хувь буюу 171.9 мянган том мал хорогдов. Хорогдсон малын ихэнхийг буюу 50.6 хувийг хонь, 30.1 хувийг ямааны хорогдол эзэлж байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд том малын хорогдол 19.7 хувиар өссөн байна.

Холбоотой мэдээ