Ташкентын Гран при-гээс М.Уранцэцэг алт, Д.Алтансүх хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-02 11:08:43

Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн “Гран при” тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг барилдаж алтан медалийн эзэн болж, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Алтансүх хүрэл медаль хүртжээ.

М.Уранцэцэг аваргын алтан медалийн төлөө Өмнөд Солонгосын жүдоч Сон Во Кеонтэй барилдаж вазари үнэлгээгээр ялалт байгууллаа. Дашрамд дуулгахад, тус Гран при тэмцээнд ОУХМ Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр, хэсгийн аваргын төлөө М.Уранцэцэгт торгуулиар ялагдсан юм.

ОУХМ Д.Алтансүхийн хувьд хүрэл медалийн төлөө Гүржийн бөх Ваша Маргевалшвилитэй барилдаж торгуулиар өрсөлдөгчээ ялсан байна.  Ташкентын Гран при тэмцээний эхний өдөр барилдсан эрэгтэй, эмэгтэй дөрвөн жингээс манай тамирчид хоёр жинд нь медаль авлаа. Гран при тэмцээн үргэлжилж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд