Хурдан морины үсэргээний үеэр 13 настай хүүхэд унаж бэртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-10 15:10:25

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын энэ оны А/23 дугаартай Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай захирамжийн биелэлтийг хангаж, аймаг, сумдын морин спорт уяачдын холбоонд Цагдаагийн газраас албан мэдэгдэл хүргүүлэн, уяачдаас баталгаа авч ажиллажээ.

Гэвч Засаг даргын захирамжийг зөрчин хурдан морины уралдаан зохион байгуулснаас Эрдэнэбулган сумын 6-р багийн нутаг дэвсгэрт 2022.01.29-ний өдөр хурдан морины үсэргээний үеэр 13 настай хүүхэд мориноос унаж гэмтсэн, Чулуут сумын Халуун-Ус багийн нутагт 2022.02.04-ний өдөр иргэн Г, Б нар, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн Хаалга толгой гэх газар 2022.02.06-ны өдөр иргэн А нь хурдан морины уралдаан зохион байгуулсан гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллүүд тус тус бүртгэгдэн шалгагдаж байна.

Эрдэнэбулган, Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Хайрхан суманд хурдан морьдын уралдаан зохион байгуулах талаар иргэний мэдээлэл ирсний дагуу тухай бүрд нь цугларсан уяачдыг тарааж, иргэдэд аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулан, хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна. Иймд цаашид иргэд, малчид, уяачид аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэн, хурдан морины уралдааныг зохион байгуулахгүй байхыг Цагдаагийн газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ