Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-07 10:17:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-ын дарга, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинтэй уулзав.


Уулзалтаар, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр ярилцав. Мөн бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Талууд хамтран Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргахаар санал нэгдсэн байна.   


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадмыг цар тахлын хүнд үед товлосон хугацаандаа зохион байгуулж байгаа БНХАУ-ын төр засаг, ард түмэнд баяр хүргэлээ. Мөн БНХАУ-ын Засгийн газар цар тахлын амаргүй цаг үед Монгол Улсад вакцин шуурхай нийлүүлсэнд гүн талархал илэрхийллээ.


Тэрбээр Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Хятадын талын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” санаачилга зэрэг хөгжлийн бодлоготой уялдаж байгааг тэмдэглэв. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтаар яригдсан хоёр улсын боомтуудыг холбох төмөр замын төслүүд, тухайлбал Гашуунсухайт-Ганц модны боомтын төмөр замын бүтээн байгуулалт болон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын төсөл зэрэг томоохон төслүүдэд онцгойлон анхаарал хандуулахыг хүсэв.



БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Бээжин хотноо зохион байгуулагдаж буй өвлийн олимпын XXIV наадмыг бүх талаар дэмжиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад биечлэн хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлэв.  Монгол Улсын шинэ Засгийн газрын дэвшүүлж буй төсөл, хөтөлбөрүүд бодит ажил болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.  


Тэрбээр Монгол Хятад улс нь уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд бүс нутгийн чухал хөрш улсууд юм. Хоёр улсын харилцааг хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэх нь хоёр орны урт хугацааны болон язгуур эрх ашигт бүрэн нийцнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ