Цагаан олимпын түүхэн замнал “Нагано-1998”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-29 15:59:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам удахгүй эхлэх гэж байгаатай /7 хоног/ холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа билээ.


Өвлийн олимпын наадам 26 жилийн дараа Японд эргэн ирлээ. Нагано мужийн Нагано хот олимпын эрхийн сунгаанд Америкийн Солт-Лейк, Шведийн Эстерсунд, Испанийн Хака, Италийн Аоста хотуудыг ялж чадсан юм. Солт-Лейк тэдэнтэй ширүүн өрсөлдөж, эцсийн шатанд 46:42-оор дийлдсэн байна. Нагано өвлийн олимпыг хүлээж авсан экваторт хамгийн ойрхон хотоор тодорчээ.


Япончууд өмнө нь өвөл, зуны олимпыг төгс зохион байгуулсан туршлагатай тул ОУОХ санаа зовсонгүй. Харин байгалийн гэнэтийн гамшиг тохиох вий гэдгээс хүн бүр эмээж байв. Гэтэл олны айдас биеллээ олж, хоёрдугаар сарын 20-нд буюу олимп дуусахаас тав хоногийн өмнө Хьюншюү аралд 5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Азаар энэ нь олимпод оролцогчдод хохирол учруулаагүй юм. Азербайжан, Кени, Македон, Уругвай, Венесуэл цагаан олимпод анх удаа тоосоо өргөсөн бол оролцогчдын тоо анх удаа 2 мянгын босго давжээ.


“Нагано-1998” өвлийн олимпын 72 орны 2176 тамирчин /787 нь эмэгтэй/ 7 спортын 14 төрөлд 68 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Эмэгтэйчүүдийн хоккей, кёрлинг, сноубордын төрөл цагаан олимпод бүл нэмжээ. Хамгийн гол нь ОУОХ NHL-тэй тохиролцсоны үндсэн дээр дэлхийн хамгийн хүчирхэг лигийн хоккейчид олимпод оролцох үүд хаалга нээгдсэн байна. Үүнтэй холбогдуулан NHL улирлын тоглолтоо гурван долоо хоног завсарлуулсан удаатай.


Хоккейн тэмцээн үзэгчдийн сонирхлыг асар их татах нь тодорхой тул CBS телекомпани олимпын наадам шууд дамжуулах эрхийг 375 сая доллараар авчээ.


Япончууд олимпод зориулан нийт есөн байгууламж шинээр бүтээн босгосон. Хожим эдгээр газруудад өвлийн спортын томхон тэмцээн уралдаан цөөнгүй зохиогдсон юм.


Норвегийн домогт цаначин Бьорн Дэли Наганогийн цагаан замд гурван зайд /10, 50, 4х10 км/ түрүүлснээр найман алтан медальтай болж, цагаан олимпын түүхэнд хамгийн амжилттай тамирчнаар тодров. Тэрбээр үүнээс гадна дөрвөн мөнгөн медальтай билээ.


Дани улс цас, мөсний орон хэдий ч цагаан олимпоос медаль авч амжаагүй байв. Харин “Нагано-1998”-аас эмэгтэй кёрлингчид нь мөнгөн медаль хүртэж, улсынхаа спортын түүхэнд шинэ хуудас бичлээ. Гэхдээ энэ нь тэдний эхний бөгөөд эцсийн медаль /одоогийн байдлаар/ болоод байна.




Оросууд уран гулгалтын тэмцээнд давамгайлж, дөрвөн алтан медалийн гурвыг нь хамав. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд И.Кулик, спортын хосод О.Казакова, А.Дмитриев, бүжгийн хос төрөлд О.Грищук, Е.Платов нар төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэд түрүүлэх нь байтугай медаль ч авч чадсангүй. Америкийн 15 настай гулгагч Тара Липински нутаг нэгт Мишель Кваныг ялж түрүүлснээр. Липински өвлийн олимпын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн хамгийн залуу тамирчин болжээ.


Олимпын хөтөлбөрт анх удаа багтсан сноубордын төрөл томхон сенсаац дагуулсан. Эрэгтэйчүүдийн жиант слаломын төрөлд түрүүлсэн Канадын Росс Ребальяттигаас авсан сэргээшийн шинжилгээгээр марихуан татсан нь илэрсэн байна. Тэрбээр алт авсныхаа орой баяраа тэмдэглэж байхдаа хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. ОУОХ түүний амжилтыг тэр дор нь хүчингүй болгосон ч ердөө хоёр хоногийн дараа түүнийг цагаатган, медалийг нь эргүүлэн өгсөн юм.


Түүнчлэн цанын 30 км-т түрүүлсэн финланд залуу Мика Мюллюла олимпоос хоёр жилийн дараа сэргээшийн томхон асуудалд орооцолдож, тэмцээн уралдаанд оролцох эрхээ хоёр жилээр хасуулав. Тэрбээр шийтгэлээ дуусгасны дараа их спортдоо эргэн ирэхээр оролдсон ч бүтэлгүйтжээ. Улмаар 2011 онд энэ алдарт тамирчин гэртээ амиа хорлосон байна.




Австрийн уулын цаначин Херман Майер олимп эхлэхээс хэдхэн хоногийн өмнө уралдааны үеэр унаж, тархиндаа хүнд гэмтэл авчээ. Гэвч тэрбээр олимпод өвчнөө үл хайрхан уралдаж, хоёр төрөлд түрүүлсэн нь бахархалтай.


Олны сонирхлыг хамгийн их татаж байсан хоккейн тэмцээний финалд Чех, Оросын багууд тунан үлдэв. Тэд өмнө нь нэг хэсэгт багтахад оросууд 2:1-ээр илүүрхсэн. Харин энэ удаа Чехийн шигшээ домогт хаалгач Д.Хашекийн найдвартай тоглолтын ачаар хойд хөршийн багийг 1:0-ээр хожлоо.




Оросууд энэ удаа Вячеслав Фетисов, Игорь Ларионов, Александр Могильный, Николай Хабибулин, Сергей Зубов нарын алдартай хоккейчдоо Наганод авчраагүй ч тун сайн тоглосон. Ялангуяа Павел Буре тодоор гялалзан гарсан юм. Тэрбээр хагас шигшээд Финландын хаалгыг таван шайбаар мялааж, баг нь 7:4-өөр итгэл төгс хожиж байлаа.

Чехийн хувьд хагас шигшээд Канадтай хүнд хэцүү тулаан хийсэн. Хоёр баг үндсэн болон нэмэлт цагт тэнцэж, буллитээр ялагчийг тодруулахад Хашек эсрэг багийн таван цохилтыг няцаасан юм.


Домогт Уэйн Гретцкигийн хувьд “Нагано-1998” эхний бөгөөд эцсийн олимп нь байв. 37 настай байсан тэрбээр тэмцээний турш дөрвөн оновчтой дамжуулалт өгсөн ч хүслэн болсон алтан медалиа авч чадсангүй. Канадууд хүрэл медалийн төлөөх тоглолтод лидерүүдээ талбайд гаргаагүй тул Т.Селянне тэргүүтэй Финландад 3:2-оор хожигджээ.


Багийн дүнгээр германчууд итгэл төгс тэргүүлэв. Тэд алт болоод нийт медалийнхаа тоогоор Норвегийн багаас илүү байлаа. Немцүүд энэ олимпод уулын цанаар гурав, биатлоноор хоёр, чаргаар гурав, тэшүүрээр хоёр, бобслей, сноубордоор тус бүр нэг алтан медаль хүртсэн юм. Зохион байгуулагч япончууд таван алтан медаль авч, багийн дүнгээр долоод жагссан нь бүх цаг үеийн оргил амжилт нь болжээ.


Гэхдээ Наганогийн олимпын данс тооцоо тун бүрхэг байдаг. Тэд олимп зохион байгуулаад ашиг олсон, эсвэл алдагдал хүлээсэн гэсэн ямар ч тоо баримт байдаггүй. Тэр ч байтугай олимпын эрх авах гэж хөөцөлдөж байсан бичиг баримтаа нэр дэвших кампанит ажил хариуцсан хорооны нарийн бичгийн даргын орлогч Сүмиказү Ямагүчигийн тушаалаар шатаасан гэдэг. Эрх авахын тулд албан тушаалтнуудад хахууль өгснөө нуун дарагдуулахын тулд ингэсэн хэмээн хардах нэгэн бий. Гэхдээ үүний учир шалтгааныг хэн ч мэдээгүй л байна.


Наганогийн олимпод монголчууд цана, шорт-трекийн төрөлд гурван эрэгтэй тамирчинтай оролцлоо. Цанын 10 км-т уралдсан Д.Очирсүх 90 дүгээр байр эзэлсэн бол шорт-трекийн 500 м-т Б.Октябрь 28, 1000 м-т хурд сорьсон Б.Сансарбилэг 29 дүгээр байр тус тус эзэлсэн юм.


МЕДАЛЬ АВСАН ОРНУУД


Улс                        Алт      Мөнгө     Хүрэл   Нийт


1. Герман               12          9              8           29

2. Норвеги             10          10            5           25

3. ОХУ                     9            6             3           18

4. Канад                  6            5             4           15

5. АНУ                     6            3             4           13

6. Нидерланд         5             4             2           11

7. Япон                   5             1             4           10

8. Австри                3             5             9           17

9. БНСУ                   3            1              2            6

10. Итали                2            6              2          10

11. Финланд           2             4             6          12

12. Швейцар          2             2              3          7

13. Франц               2             1              5           8

14. Чех                    1             1              1           3

15. Болгар               1             0              0           1

16. БНХАУ                0            6              2            8

17. Швед                 0             2              1            3

18-19. Дани             0            1               0           1

18-19. Украин         0             1              0            1

20-21. Казахстан     0             0              2            2

20-21. Беларусь       0            0              2            2

22-24. Их Британи   0            0              1            1

22-24. Австрали       0            0              1            1

22-24. Бельги           0            0               1           1

Нийт                      69          68              68        205

Холбоотой мэдээ