“Moderna” компани “омикрон”-ы вакцины эмнэлзүйн туршилтаа эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-01-27 14:43:02

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын “Moderna” биотехнологийн компани коронавирусний “омикрон” хувилбартай тэмцэх зорилгоор тусгайлан боловсруулсан вакцины нэмэлт тунгийнхаа эмнэлзүйн туршилтыг эхлүүлснээ лхагва гарагт мэдэгдлээ.


Энэхүү туршилтад насанд хүрсэн 600 хүнийг оролцуулах бөгөөд тэдний тэн хагас нь “Moderna”-гийн вакцины хоёр тунд зургаан сарын дотор хамрагдсан хүмүүс байх бол үлдсэн нь хоёр тунгаас гадна нэмэлт тунг тариулсан хүмүүс байх ажээ. Ингэснээр “омикрон”-ы эсрэг нэмэлт тунг гурав болон дөрөв дэх тунгийн журмаар тарихад ямар үр дүн үзүүлэхийг судална.


Мөн “Moderna” зөвшөөрөгдөөд буй нэмэлт тунгийнхаа “омикрон”-ы эсрэг үйлчлэлийн талаар мэдээлжээ. Тодруулбал, нэмэлт тунг тарьснаас зургаан сарын дараа “омикрон”-ыг саармагжуулах эсрэг биетийн түвшин 29 хоногийн дараах буюу хамгийн өндөр үеийнхээсээ зургаа дахин буурсан байсныг тогтоосон байна. 50 микрограмм буюу эхний хоёр тунгийн тэн хагастай тэнцэх нэмэлт тунг тариулсан 20 хүний цусанд хийсэн судалгаагаар энэхүү үр дүнд хүрчээ.


“Одоогоор зөвшөөрөгдөөд буй нэмэлт тун “омикрон”-ы эсрэг зургаан сарын турш үйлчлэх нь тогтоогдоод байна. Гэхдээ шинэ хувилбарын дархлаанаас зугтаж буй байдлыг нь харгалзан тусгайлан зориулсан нэмэлт тун гаргах авах ажлаа ахиулан хоёр дахь үе шатны судалгаагаа эхлүүлж байгаадаа бид баяртай байна” гэж “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель мэдэгджээ.


Тус компанийн өрсөлдөгчид болох “Pfizer”, “BioNTech” компаниуд “омикрон”-ы вакциныхаа эмнэлзүйн туршилтыг эхлүүлснээ нэг өдрийн өмнө буюу мягмар гарагт мэдээлсэн юм. Эдгээр вакцины аль аль нь матрицын рибонуклейн хүчилд /мРНХ/ суурилсан нь шинэ хувилбаруудын мутацид тохируулан өөрчлөхөд харьцангуй хялбар ажээ.


"Омикрон" нь өдийг хүртэл илэрсэн коронавирусний хувилбаруудаас халдварлах чадвар хамгийн өндөртэйд тооцогдож байгаа юм. Хэдийгээр шинэ хувилбараас үүдэлтэй халдварын давлагааны үед илэрч буй шинэ тохиолдлын тоо АНУ тэргүүтэй хэд хэдэн оронд буурч эхлээд байгаа ч дэлхийн хэмжээнд өвчлөл нэмэгдсэн хэвээр байна. 

Холбоотой мэдээ