Дундговь аймгийн хүн амын ядуурлын түвшин нэмэгджээ

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-01-26 18:07:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр тус аймгийн хүн амын ядуурлын түвшин 30,7 хувьтай байгаа нь улсын дунджаас 2,9 нэгж хувиар өндөр байна. Харин 2018 оны 12 дугаар сарынхтай харьцуулахад 9 нэгж хувиар өсжээ.

2020 он хүн амын тооллогын дүнгээр тус аймгийн хэмжээнд 47274 хүн тоолуулсан. Тэдгээрийн 22,8 хувь нь Нийгмийн даатгалд шимтгэл төлж байна. НДШ төлөгч нийт иргэдийн 23,1 хувь нь хувийн хэвшил, 39,3 хувь нь төсөвт байгууллагын ажилтнууд байгаа бол 37,7 хувь нь сайн дурын даатгуулагч байгаа юм. Аймгийн НДХ-ийн мэдээлснээр өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад сайн дураар даатгуулагчдын тоо буурчээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар тус аймгийн хэмжээнд хэрэглээний үнийн индекс өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 11,1 хувиар өссөн байна.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас олон бизнес эрхлэгчид ажил үйлчилгээгээ зогсоож, хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өсч, ган гачиг, байгалийн гамшигт үзэгдэл болж, малчид олноор малаа алдсан сорилт ихтэй, хүндхэн жил болж өнгөрснийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тайландаа дурджээ.  

Холбоотой мэдээ