Түүхий эд, хог хаягдлыг үйлдвэрийн аргаар боловсруулж “Баялаг” сайжруулсан хөрс гарган авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-24 12:33:26

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт анх удаа малын болон ургамалын гаралтай түүхий эд, хог хаягдлыг дахин боловсруулж, "Баялаг" сайжруулсан хөрс үйлдвэрлэн, худалдаанд гаргаад байна.

Энэхүү ажлыг санаачилж, амжилттай хэрэгжүүлж буй “Хоногт хас” ХХК-ийн үйл ажиллагааны талаар сурвалжиллаа.

Тус компанийг үүсгэн байгуулагч Жаргалант сумын иргэн, “Хөгжил” политехник коллежийн багш Ж.Хотолбаяр ажлынхаа хажуугаар хог хаягдлыг боловсруулах судалгаа хийдэг. Тэрбээр малын арьс, эвэр туурай зэргийг боловсруулж бордоо, сайжруулсан хөрс хийх инновацийн шийдлээрээ Сократус Стартап Студиогоос 218 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө оруулалт авсан байна. Улмаар малын болон ургамлын гаралтай хоёрдогч түүхий эдээр ургацад эерэг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэх, органик бордоо, сайжруулсан хөрс үйлдвэрлэх ажлыг тасралтгүй хийж байгаа юм.   

Өөрөөр хэлбэл, “Хоногт хас” ХХК нь 2015 онд байгуулагдсан. 2018 оноос амьтан, ургамалын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж бордоо, сайжруулсан хөрс үйлдвэрлэх судалгааг эхэлсэн бөгөөд одоогоор 4 төрлийн бордоо, 2 хөрсний нэмэлт бүтээгдэхүүн, олон найрлагатай сайжруулсан хөрс гарган авсан байна. Өнгөрсөн 2018 онд Оюуны өмчийн газраас Барааны тэмдгийн гэрчилгээ авсан бол 2019 онд Стандарт хэмжил зүйн хэлтсээс чанар стандартын тохиролын гэрчилгээ авчээ. Мөн 2019 онд GS1 Mongolia байгууллагын гишүүн болсон бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх Инновацийн сангийн тэтгэлэгт төсөлд шалгарч, 35 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр материаллаг бааз сууриа бэхжүүлсэн аж. Үүнээс гадна 2020 онд Дасгалжуулалтын академийн Миний бизнес хөтөлбөрт 2 жилийн 75 хувийн тэтгэлэгт шалгарч, олон улсын бизнесийн зөвлөхүүдээс зөвлөгөө авч, онолын болон практик мэдлэг эзэмшсэн. Улмаар 2021 онд Сократус студио ХХК-ийн бойжуулах хөтөлбөрт шалгарч, тус компаниас 218 сая төгрөгийн бизнесийн систем угсрах тохируулах үйлчилгээ авч чадавхжиж байгаа гарааны компани юм.

Өөрийн гэсэн үйлдвэрийн байр, талбайгүй ч орон нутгийнхаа “Баруун Монгол интернэшнил” ХХК-тай үйлдвэрийн болон оффисын байраар тэг түрээстэй, ашиглалтын зардлаа төлөх, мал нядалгааны хаягдал түүхий эдээр хангуулах гэрээтэй хамтран ажиллаж байна. 

Тус үйлдвэр хоногт 500 кг сайжруулсан хөрс үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэгийн Progress төсөлд хамрагдан тэргүүлэх зөвлөх үйлчилгээний байгуулага, зөвлөхүүдээс зөвлөх үйлчилгээ авч ажиллаж байна. Мөн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зөвлөгөө, арга зүйн дэмжлэг авч хамтран ажиллаж буй.

Онцлоход, малын болон ургамалын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, малын яснаас фосфорын бордоо, хонины ноосноос ноосон бордоо, бүх төрлийн малын арьс шир, туруунаас азотын бордоо, азот фосфорын бордоо, бүх төрлийн хуванцар, гялгар уут, машины хуучин дугуй, мод, аргал, дулааны станцын үнснээс био нүүрс зэргийг гарган авч "Баялаг" сайжруулсан хөрсийг үйлдвэрлэн худалдаанд гаргаад байна.

Монгол орны газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжиж, газрын доройтол эрчимжиж буй. Иймээс “Хүн бүр мод тарьж, Монгол орноо цөлжилтөөс аварцгаая” хэмээн байгаль орчины салбар байгууллага, мэргэжилтнүүдийн зүгээс уриалга дэвшүүлдэг. Ховд аймгийн тухайд өнгөрсөн онд тарьсан мод, хүнсний ногооны тодорхой хувьд “Баялаг” сайжруулсан хөрсийг ашигласан аж. Ийнхүү Ховд аймагт үйлдвэрлэж буй "Баялаг" хөрсөөр тариалсан хүнсний ногоо, моднууд сайн ургаж байгааг зарим хэрэглэгчид онцоллоо.

"Баялаг" хөрс найрлагадаа био нүүрс, боловсруулсан бууц, ноосон бордоо агуулж энэ жилээс найрлага, шинж чанарын хувьд улам сайжирчээ.   

Сайжруулсан хөрсийг Ховд аймаг болон Улаанбаатар хотод гэрээт борлуулагчаар дамжуулан зах зээлд нийлүүлж байна. 

“Манай бүтээгдэхүүний бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах гол онцлог нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй хаягдалгүй технологоор боловсруулалт хийдэг. Мөн сайжруулсан хөрс, бордооны найрлагад хөрсний бүтэц, шинж чанарт онцгой сайн нөлөө үзүүлдэг био нүүрс, агуулагддаг. Одоогоор нэг ажилтантай. “Баялаг” сайжруулсан хөрсийг 5 кг савлагаатайгаар үйлдвэрлэж байна. Одоогоор ноосон бордоо, арьсан бордоо, ясны бордоог туршилтаар гарган авч, лабораторын шинжилгээ, тариалалтын туршилтад оруулаад байгаа. Улмаар үр дүн гарсаны дараа худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр газар тариалан эрхлэгчдийг эко бордоогоор хангаж, эрүүл ногоо тариалалтыг бий болгох, ургамлын өгөөжийг нэмэгдүүлэх, орон нутагтаа ногоон диваажинг бүтээх боломж бүрдэх юм” гэж иргэн Ж.Хотолбаяр хэллээ.  

Үйлдвэрийн аргаар боловсруулсан "Баялаг" сайжруулсан хөрсийг “Ховдод үйлдвэрлэв” бүтээгдэхүүн борлуулах төв болон бусад зах, худалдааны төвд зарж байна. “Баялаг” хөрсийг сонгож, захиалах утас 94116693, 88108126. Монгол орон даяар түгээнэ.  

                                             Малын яснаас гаргаж авсан Кальци фосфорын бордоо  


                                            Хонины ноосноос гаргаж авсан ноосон буюу азотын бордоо


                             Зах зээлд үнэ хямд байгаа малын арьс нэхийнээс гаргаж авсан арьсны буюу Азотын бордоо 


                             

                       Авто машины хаягдал дугуй, гялгар цаас, хуванцар, мод, аргал зэргээс гаргаж авсан био нүүрс 

                       

            Тус үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүн "Баялаг" хөрсөөр хийсэн бортого, түүнд тарьсан модны суулгацууд   

 

Үйлдвэрлэл эрхлэгч Ж.Хотолбаяр, хөрөнгө оруулагч Сократус стартап студио ХХК-ийн захирал А.Мөнхцогийн хамт

 


Холбоотой мэдээ