Омикроны үед хүндэрвэл амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-21 12:11:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улсад омикрон хувилбар дэгдсэнээс хойш буюу он гарсаар халдварласан иргэдийн 45 хувь нь хөнгөн гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Эмнэл зүйн байдлыг авч үзэхэд, 55 хувь нь хүндэвтэр, 10 хувь нь хүнд, 0.7 хувь нь нэн хүнд гэсэн оноштой байгаа аж.


ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэхдээ,ХӨСҮТ-д хүнд болон хүндрэх эрсдэл ихтэй, хатгаатай хүмүүсийг хэвтүүлэн эмчилж байгаа. Үүнтэй холбоотой одоогоор эмчлүүлж буй нийт өвчтөний 60 орчим хувь нь эмнэл зүйн хувьд хүндэвтэр, 35 хувь нь хүнд, 10 хувь нь хөнгөн, 2.5 хувь нь нэн хүнд ангилалд байна. Эмчилгээний хувьд, өмнөх хувилбаруудын үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ, эмчилгээ ижил үйлчилж  байгаа. Гэхдээ эрсдэлт бүлгийн хүмүүс хүндрэх эрсдэл өндөр гэдгийг анхаарч, халдвараас сэргийлэх, халдвар авсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаж эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх, хүндрэлийн шинж илэрвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна” гэв.

Хөнгөн болон хүндэвтэр оноштой хүнд амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг хамар битүүрэх, хоолой аргаж хөндүүрлэх, хуурай ханиалгах, хөнгөн халуурах зовуурь илэрч байна. Харин хүнд болон нэн хүнд өвдөж буй хүмүүст амьсгаадах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг давамгай байдалтай байгаа аж.

Шинээр илрэх халдварын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд болон нэн хүнд хүмүүсийн тоо бага багаар нэмэгдсээр байгаа. Биеийн байдал нэн хүнд байгаа хүмүүсийн ихэнх нь өндөр настай, хавсарсан өвчтэй байгаа учраас заавал эмчийн хяналтад эмчилгээгээг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг тэрбээр санууллаа.

Холбоотой мэдээ