“Тэмээний өв соёл” үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-01-21 12:02:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өндөршил сумын ЗДТГ, Соёлын төв хамтран “Тэмээний соёл-Тэмээчдийн баяр 2022” үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, энэ үеэр сүү, цагаан идээ, угсаатны зүйн үзэсгэлэн гаргалаа.

Цагаан идээний үзэсгэлэнд тэмээчид ингэний сүү, хоормог, ааруул, тос гээд 13 нэр төрлийн бүтээгдхүүнээр оролцож, зах зээлд худалдаалжээ. Энэ үеэр бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, чанар, савлагаа зэргийг харгалзан байр эзлүүлж, урамшуулсан байна.

Тус сумын нэгдүгээр багийн малчин Н.Баянжаргал  9 нэр төрлийн бүтээгдэхүүнээр амжилттай оролцож “Тэргүүн байр”-ын эзэн болсон бол мөн нэгдүгээр багийн ахмад малчин Д.Чулуу 5 төрлийн бүтээгдэхүүнээр оролцож удаах байрт шалгарчээ.

Энэ үеэр тэмээний өв соёл, ахуйн эд хэрэглэл, угсаатны зүйн үзэсгэлэн гаргаж, тэмээний тогш, ботгоны буйл, бурантаг,, ингэний ногт, саалийн хувин зэрэг ахуйн хэрэглэлийг сурталчилсан юм.

Оролцсон бүтээлүүдээс мөн шилдгийг шалгаруулахад Монгол Улсын сайн малчин Н.Сумьяагийн үзэсгэлэнд таниулсан эд хэрэглэл тэргүүн байр эзэлж, нэгдүгээр багийн малчин Б.Ихтамир, С.Батаа нарын тэмээний өв соёлоо харуулсан эд хэрэглэл, эдлэл удаах байрт шалгарчээ.  

Түүнчлэн малчдын дунд дээс томох, сээр шалгах, буйл зорох, утас ээрэх, “караоке” гээд  5 төрлийн тэмцээн зохион байгуулж, 4 багийн 40 залуу авьяас ур чадвараа сорин наадсан аж. 

Холбоотой мэдээ