Өргөх байгууламжийн буруу ашиглалтаас болж осол их гардаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-20 18:52:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өргөх байгууламжийг аюулгүй ашиглах хууль дүрмийг сахин ажиллаагүйгээс хүний амь хохирсон осол жилд дунджаар 10-12 удаа бүртгэгддэг байна. 


Өргөх байгууламж гэдэгт кран төдийгүй лифт, урсдаг ша, уурхайн болон барилгын төрөл бүрийн өргүүр, сагстай өргөгч, бетон шахуурга, манипулятор (машинтай кран), уулын ган татлагат зам зэрэг багтдаг юм.


МХЕГ-ын барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч Н.Буйдан тус байгууллагын цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа, “Уул уурхай, барилга, зам тээвэр, эрүүл мэнд зэрэг бүхий л салбар, хувиараа хөдөлмөр эрхлэгчид өргөх байгууламжийг түгээмэл ашиглаж байна.  Кран, барилгын дүүжин өргүүрийг ашиглахтай холбоотой осол их гардаг. Барилгачид барилгын дүүжин өргүүрийг үл ойшоодог. Гэтэл судалгаагаар хамгийн олон буюу 4-5 удаагийн, 2-3 хүнийг хамарсан хүнд осол дүүжин өргүүрийн буруу ашиглалтаас болж гардаг" хэмээн өгүүлжээ.


Ослын үндсэн шалтгаан нь өргөх байгууламжийг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар бус өөрсдөө дур мэдэн буруу угсарснаас, мэргэжлийн байгууллагаар засвар үйлчилгээг тогтмол хийлгэдэггүйгээс, бүрэн бус гэмтэлтэй техникийг үйлдвэрлэлд ашигласнаас, мэргэжлийн үнэмлэхтэй ажилчин байдаггүйгээс, хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих дотоод хяналтыг сулруулсан гэх мэтээс үүддэг байна. 


Нэмж дурдахад, 2003 он хүртэл ЗХУ-д үйлдвэрлэсэн 800 орчим лифт, краны угсралт, засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн 5-6 байгууллага гүйцэтгэдэг байсан бол өнөөдөр Монгол улсад 15 485 ширхэг төрөл бүрийн өргөх байгууламж ашиглагдаж, тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй байгууллага тэдгээрийн засвар үйлчилгээ, угсралтын ажлыг хариуцан ажилладаг аж. 

Холбоотой мэдээ