Баян-Уул сум "Угийн бичиг-Удмын хэлхээ" аяныг өрнүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-01-20 15:56:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт монгол гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, айл өрхийн угийн бичиг хөтлөлтийг 60 хувьд хүргэх зорилтын хүрээнд "Гэр бүлийн хөгжил хамгаалал" 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд айл өрхийн угийн бичиг хөтлөлтийг 40 хувьд хүргэхээр тусган ажиллаж байна. 

Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Баян-Уул сум "Угийн бичиг-Удмын хэлхээ" аяныг өрнүүлж эхэлжээ. Иргэдийн угийн бичиг хөтлөх сэдлийг бий болгож, сумын нийт өрхийн 20 хувийг угийн бичиг хөтлөх аргазүйд сургаж, хэвшүүлэх зорилгоор аяныг өрнүүлж буй аж. Аян зургаан сарын хугацаанд өрнөх бөгөөд нэгдүгээр сарын 19-нөөс албан ёсоор эхэлснийг тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Аяны хүрээнд тус сумын Соёлын төвөөс угийн бичгийн хөтлөлт хийдэг, ургийн баяр зохион байгуулдаг айл өрхийн судалгаа гаргах ажээ. Мөн сумынхаа төрийн байгууллагуудад албан тоот хүргүүлэн, алба хаагчдад угийн бичиг хөтлөх аргазүйд суралцуулж, аян өрнөх хугацаанд угийн бичиг хөтөлж эхэлсэн байх үүрэг чиглэл өгчээ. Угийн бичиг хөтлөх аргазүйд сургах сургалтыг багууддаа зохион байгуулж, иргэдэд холбогдох зөвлөмж мэдээллийг хүргэх аж. Аяны сургагч багшаар сумын ЕБС-ийн багш н.Лхагвадэлгэр ажиллана гэдгийг онцлон танилцууллаа. Аян өрнөх хугацаанд энэ чиглэлээр ард иргэдийг соён гэгээрүүлэх сургалтыг танхимын болон цахимаар зохион байгуулж, энэ чиглэлээр цахим контент бэлтгэн олон нийтэд түгээн дэлгэрүүлэх юм хэмээн холбогдох албанаас мэдээлэв. Аяныг энэ оны зургаадугаар сард дүгнэн, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор угийн бичгийн хөтлөлтийн үзэсгэлэн дэлгэнэ гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Баян-Уул сумын Засаг дарга 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Сумын хүн амын угийн бичгийн хөтлөлтийг 95 хувьд хүргэнэ” гэж төлөвлөсөн байна. Иймд "Угийн бичиг-Удмын хэлхээ" аяндаа идэвхтэй оролцохыг уриалав. 



Холбоотой мэдээ