АНУ газрын тосны үнэ өсөж буй нөхцөл байдлыг ажиглаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-01-19 11:53:47

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын эрх баригчид нефтийн үнэ өсөж буй нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиглаж байна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Эмили Хорн мэдэгджээ.


“Бид дэлхийн эдийн засаг өсөж байгаа нөхцөлд үнийг үргэлжлүүлэн ажиглаж байна. Шаардлагатай тохиолдолд "ОПЕК+" бүлэг дэх түнш орнуудтайгаа хамтран ажиллана” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


"Бид үйлдвэрлэгч орнууд болон хэрэглэгч орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр алхмууд нь үнэд бодитой нөлөөлсөн. Мэдээж бидэнд үнийн асуудлыг шийдвэрлэх хэрэгслүүд байсаар байна" гэж Хорн нэмж хэлэв.


Лондоны ICE бирж дээр “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 2014 оны 10 дугаар сарын 13-наас хойш анх удаа 89 ам.доллар давсан юм.


Хэрэглэгчдэд шатахууны үнийг бууруулах, цар тахлын дараа дэлхийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефть гаргахаар болсноо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдсэн билээ. 


Холбоотой мэдээ