“Жирэмсний нэрийн хяналт”-ын цахим сүлжээний системийг нэвтрүүлжээ

ОРОН НУТАГТ | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2022-01-18 15:41:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас “Жирэмсний нэрийн хяналт”-ын цахим сүлжээний системийг нэвтрүүлсэн байна. Үүний үр дүнд жирэмсний эрт үеийн хяналт 92.8 хувь болж, улсын дунджаас 2.6 хувиар өсжээ.

“Жирэмсний нэрийн хяналт”-д 1676 жирэмсэн эмэгтэйн овог нэр, нас хүйс, жирэмсний эрсдэлт хүчин зүйл, шилжилт хөдөлгөөн, үзлэгийн товлолт хугацаа, шинжилгээ, амаржсан талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байршуулсан байна.

Мөн Эрүүл мэндийн газрын дарга, эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарыг холбож, жирэмсэн эмэгтэйчүүдийг уг программд холбож өгснөөр давхар хянах боломжийг бүрдүүлээд байгаа юм.

“Жирэмсний нэрийн хяналт”-ын цахим сүлжээг нэвтрүүлснээр жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайн эрүүл мэндэд тулгарч буй эрсдэлийг эрт илрүүлэх, тандах, хүндрэлээс сэргийлэх, хугацаа алдахгүй тусламж үзүүлэх давуу талтай ажээ.

Холбоотой мэдээ