Цагаан олимпын түүхэн замнал - " Кортина -д'Ампеццо-1956"

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-01-18 12:36:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам удахгүй эхлэх гэж байгаатай /18 хоног/ холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа билээ.

 

Альпийн нурууны бэлд орших Италийн жижиг хот Кортина -д' Ампеццо хотод аль эрт 1944 онд өвлийн олимп болох ёстой байлаа. Гэвч дэлхийн 2 дугаар дайн тэдний хүсэлд саад болсон юм. Ингээд 12 жилийн дараа италичууд мөрөөдлөө биелүүлжээ. Тэд олимпын хот тодруулах санал асуулгын сунгаанд Канадын Монреаль, Америкийн Колорадо Спрингс, Лейк-Плэсидтэй өрсөлдөж, хол тасархай ялалт байгуулсан юм.


Норвегичууд өмнөх олимпыг өндөр түвшинд зохион байгуулж, нэгэн том шалгуурыг бий болгосон. Италичууд үүнийг давж гарсан олимп хийхгүй бол эвгүй байдалд орох байв.


Иймд Италийн ҮОХ бусад томхон хотын захирагчдаас хөрөнгө мөнгөний туслалцаа авч 12 мянган үзэгчийн суудалтай уран гулгалт, хоккейн шинэ ордон барьж ашиглалтад оруулав. Мөн 80 метрийн трамплины зам, тэшүүрийн шинэ замыг олимпод зориулан байгуулжээ.


                                                Сонирхолтой баримтуудаас


Энэ олимпод 32 орны 821 тамирчин (үүнээс 134 нь эмэгтэй) 24 багц медалийн төлөө өрсөлдлөө. Шинээр спортын төрөл нэмэгдээгүй ч зарим зайд өөрчлөлт орсон байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн цанын 18 км-ыг 15 болгосноос гадна 30 км-ийн хөөх уралдаан, эмэгтэйчүүдийн 3х5 км-ийн буухиа уралдааныг оруулжээ.


Мөн “Осло-1952”-ын хүрэл медальт уулын цаначин Жулиана Кеналь-Минуццо тамирчдыг төлөөлөн тангараг өргөсөн нь түүхэнд анхны тохиолдол болсон юм.




Гэхдээ олимп эхлэх мөчөөсөө л бүтэлгүйтэлтэй тулгарч байлаа. Нээлтийн ёслолын үеэр тамирчид олимпын бамбарыг буухиалан цэнгэлдэхэд орж ирэв. Гүйлтийн тэшүүрийн тамирчин Гудио Кароли бамбарыг барин гүйж яваад телевизийн кабель утсанд тээглэн унах нь тэр. Үүнээс болж бамбар унтраагүй ч нээлтийн ёслолын сайхан бүхнийг баллаж орхисон юм.


Мөн цанын тэмцээн явагдах хэмжээний хангалттай цас Кортина -д'Ампеццод унасангүй. Тиймээс италичууд хөрш Австриас цас зөөвөрлөн авчирчээ. Гэхдээ ололттой зүйл бас цөөнгүй байлаа. Тухайлбал, олимпын тэмцээн уралдааныг 22 оронд шууд дамжуулан үзүүлэв.


Тухайн үед телевизийн гэрээний төлбөр гэж мөнгө авч байсангүй. Гэхдээ телевизийн шууд нэвтрүүлэгт томхон дэвшил гарсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Түүнчлэн италичууд олимпын түүхэнд анх удаа ивээн тэтгэгчийн аварга гэрээг автомашин үйлдвэрлэгч нэгэн компанитай байгууллаа. Хэрвээ ийм гэрээ байгуулаагүй бол санхүүгийн хямралд орсон италичууд олимпыг зохион байгуулах эсэх нь эргэлзээтэй болж ирэх байв. Спорт, олимпоор дамжуулан мөнгө босгох хамгийн шилдэг аргыг тэд ийнхүү нэвтрүүлжээ.


Энэ жил ЗХУ, Болив, Ираны баг цагаан олимпод анх удаа тоосоо өргөлөө. Мөн “Осло-1952”-ыг өнжсөн БНСУ, Лихтенштейн, Турк олимпод эргэн ирэв.


Зүүн, Баруун Германы тамирчид Германы нэгдсэн баг гэсэн нэрийн дор хамтдаа оролцсон байна. Энэ дундаас Зөвлөлтийн баг анхаарал татаж байсан нь мэдээж. Зөвлөлтүүд энэ удаа бүх спортын төрөлд 53 тамирчнаа илгээсэн юм. Тэд зүгээр ч нэг бэлгэдлийн төдий оролцоод өнгөрсөнгүй, трамплин, цанын хоёр төрөлтөөс бусад төрлөөр медаль зүүж, багийн дүнгээр шууд тэргүүлсэн юм.


Ялангуяа гүйлтийн тэшүүрийн тэмцээнд тэд боломжит таван алтаас дөрвийг нь өөрийн болгожээ. Мөн нэг мөнгө, хоёр хүрэл медалийг энэ төрлөөс нэмж авсан байна. Оросууд олимпод өндөр ач холбогдол өгч, Австри, Герман, Швейцар зэрэг өвлийн спорт өндөр хөгжсөн орнуудад удаан хугацааны бэлтгэл хийсэн нь ийнхүү үр дүнгээ өгчээ.




Энэ олимпын тод од нь Австрийн уулын цаначин Тони Зайлер байв. Тэрбээр эрэгтэйчүүдийн гурван төрөлд бүгдэд нь түрүүлж, эвдэхэд бэрх амжилт тогтоожээ. Энэ залуу олимпоос хэдэн жилийн дараа кино урлагт хөл тавьж, удалгүй алдартай дуучин болсон гэдэг.


Түүнээс олон медаль авсан нэг тамирчин байсан нь Шведийн цаначин Сиктен Эрнберг. Тэрбээр эрэгтэйчүүдийн 50 км-т түрүүлж, 15, 30 км-ээс мөнгө зүүн 4х10 км-ийн буухиад хүрэл медаль хүртжээ. Тэрбээр өөрийн дасгалжуулагчгүй, бие даан бэлтгэлээ хийдэг байж. Мөн тамхи, согтууруулах төрлийн ундаа огт хэрэглэдэггүй байсан нь олон залуу тамирчинд үлгэр дууриалал болж байв. Энэ алдарт тамирчин 1950-1960 оны хооронд олимп, дэлхийн дэвжээнээс 15 медаль авчээ.


Уран гулгалтын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн алтыг америкчууд хамсан бол хосын төрөлд Австрийн тамирчид өнгөлөв. Уран гулгалтынхны хувьд “Кортина -д'Ампеццо-1956” задгай талбайд өрсөлдсөн сүүлийн олимп болжээ. 1960 оноос хойш тэд битүү дээвэртэй ордонд ур чадвараа сорих болсон юм.


Зохион байгуулагч италичууд нэг алт, хоёр мөнгөн медальтай багийн дүнгээр наймд оров. Тэд бүх медалиа бобслейн төрлөөр авсан. Бобслейн хоёр хүнтэй төрөлд аваргалсан Жакомо Конти тухайн үед 47 настай байж. Ингэснээр тэрбээр хамгийн хөгшин олимпын аваргаар тодорчээ.


Азийн улсуудаас Япон анх удаа өвлийн олимпоос медаль зүүлээ. Тэд Италид 10 тамирчны бүрэлдэхүүнтэй ирж, уулын цанын слаломын төрлөөр мөнгөн медаль хүртсэн юм.


Хоккейн тэмцээнд ЗХУ-ын баг анх удаа ороод л алтан медаль зүүв. Тэд бүх долоон тоглолтдоо дараалан хожсон бөгөөд гол өрсөлдөгч Америкийг 4:0, Канадыг 2:0-ээр буулган авсан юм.




“Китченер Ватерлоо Датчмен” хэмээх сонирхогчийн багаас бүрдсэн Канадын шигшээ хөрш Америкт 4:0-ээр ялагдсан. Тиймээс сүүлийн тулаанд Зөвлөлтийг дөрвөөс дээш гоолоор хожих ёстой байв. Гэвч эхний хоёр үед өрсөлдөгчийнхөө хаалга руу нэг ч цохилт гүйцэтгэж чадаагүй гэдэг. Ингээд хоёр хожигдсон хоккейн эх орон хүрэл медальтайгаа эвлэрэхээс аргагүй болжээ.


        МЕДАЛЬ АВСАН ОРНУУД


Улс             Алт  Мөнгө  Хүрэл  Нийт


1. ЗХУ            7       3         6        16


2. Австри       4       3         4        11


3. Финланд    3       3         1         7


4. Швейцар   3       2         1         6


5. Швед         2       4         4        10


6. АНУ           2       3         2         7


7. Норвеги    2       1         1         4


8. Итали        1       2         -         3


9. Герман     1        -          1        2


10. Канад     -        1          2        3


11. Япон       -       1          -         1


12-13. Унгар  -      -          1         1


12-13. Польш -     -          1         1


Нийт            25     23       24      72

Холбоотой мэдээ