Хятад улс Олимпын наадмын үеэр дижитал юань туршихаар бэлдэж байна

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2022-01-17 14:28:49

БЭЭЖИН. /profinance/. Хятадын эрх баригчид Бээжингийн өвлийн Олимпын наадмын үеэр дижитал юань туршихаар төлөвлөж байна.


Наадмын албан ёсны түнш “Bank of China” компаниас мэдээлснээр, хүмүүс өөрөө өөртөө үйлчлэх машинуудаас программ татаж авах эсвэл дижитал юань бүхий бодит карт авах, гадаад валютыг цахим юань (e-CNY) болгон хөрвүүлэх боломжтой.


Түүнчлэн тамирчид, дасгалжуулагч нар цахим хэтэвч шиг үйлчилгээтэй бугуйвч авч, бараа, үйлчилгээний төлбөрөө төлөх боломжтой гэнэ.


Наадмын эргэн тойрон дахь улс төрийн хурцадмал байдал, мэдээллийг хамгаалахтай холбоотой эрсдэлтэй холбогдуулан дижитал юанийг гадаадын тамирчид ашиглах эсэх нь тодорхойгүй байна. Мэдээллийн аюулгүй байдлын үүднээс АНУ-ын тамирчдад дижитал юанийг ашиглахыг хориглохыг Бүгд найрамдах намын гурван сенатч өнгөрсөн зун Олимпын хороондоо уриалжээ.


Саяхан Бээжингийн Олимпын тосгон дахь “Bank of China”-гийн нэг салбарт цахим валютын сурталчилгааг том дэлгэцээр тасралтгүй үзүүлсэн байна.


Тамирчдын байрлаж, чөлөөт цагаа өнгөрүүлэх Олимпын тосгон доторх минимаркет, кафе болон худалдааны бусад цэгүүдэд төлбөр тооцоог дижитал юаниар хүлээн авдаг машинууд суурилуулжээ. Ийм машинуудыг мөн Олимпын наадам болох газруудын ойролцоох төмөр замын буудлуудын дэлгүүрүүдэд суурилуулах аж.


Бээжингийн Олимпын тосгоны үйл ажиллагааны багийн ахлагч Цюй Сонмин хэлэхдээ, төлбөрийг хэдхэн аргаар хийх бөгөөд "Alibaba Group"-ын "Alipay", "WeChat Pay" төлбөрийн системийг тосгонд ашиглах боломжгүй гэжээ.


Холбоотой мэдээ