"Бийрийн анир" уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэв

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2022-01-15 11:22:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Бичиг соёл боловсролын төвөөс монгол үндэсний бичиг, бичгийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, цаашид түүчээлэн уухайлах "Бийрийн анир" уран бичлэгийн сургалтыг энэ сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. 

-“2025 оноос үндэсний хэмжээнд албан хэрэг хөтлөлт монгол бичигт шилжихтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг дарга 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Хос бичигтэн аймаг” болох зорилт дэвшүүлэн, үүний хүрээнд олон төрлийн үйл ажиллагааг өрнүүлж байна.

2021 онд сум, байгууллага, төрийн алба хаагчид, иргэдийн дунд монгол бичгийн олимпиад зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулсан. Мөн аймгийн хэмжээнд бүх албан газар гадна хаягаа монгол бичгээр шинэчлэн солих, албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр гаргаж байгаа гэх мэт нийтийн хамарсан ажлуудыг шат дараатай хийлээ. 2022 онд энэ чиглэлээр хийх ажлуудаа төлөвлөн эхнээс нь хийж хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Бийрийн анир” уран бичлэгийн сургалт, сургалтад хамрагдсан багш, төрийн алба хаагчдын бүтээлээр үзэсгэлэн дэлгэж олны хүртээл болгож байна” хэмээн аймгийн БСШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар ярилаа.  

"Бийрийн анир" уран бичлэгийн бүтээлийн үзэсгэлэнг Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад дэлгэж олны хүртээл болгож байгаа бөгөөд сургалтад хамрагдсан 32 багш, төрийн алба хаагчийн 70 гаруй бүтээл тавигдсан байна.