Дундговь аймгийн МСҮТ магадлан итгэмжлэгдсэн сургууль боллоо

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-01-14 11:03:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь МСҮТ Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангаж, батламжаа гардан авлаа.

Тус сургууль Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлд 2019 онд хүсэлт гаргаж, гэрээ байгуулан өөрийн үнэлгээний тайланг бичиж хүргүүлж, 5 жилээр магадлан итгэмжлэгдсэн байна. 

Мэргэжлийн боловсрол, сургалтын тус байгууллага ийнхүү магадлан итгэмжлүүлснээр политехник коллеж болох шалгуурыг бүрэн хангаж, 2022 оноос Политехник коллеж болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. 

Магадлан итгэмжлэл гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж байгаа буюу давуулан биелүүлж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шалгаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа ажээ.

Магадлан итгэмжлэгдсэнээр тухайн боловсролын байгууллага төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид нь төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болдог байна. Мөн байгууллагын үйл ажиллагаанд хамт олны гишүүн бүрийг татан оролцуулж өөрөө өөртөө иж бүрэн үнэлгээ дүгнэлт өгч, цаашид өөрийгөө хөгжүүлэх чиглэл, хэтийн төлөвөө тодорхойлоход дэмжлэг үзүүлээд зогсохгүй, сургалтын чанарыг олон улсын түвшинд ойртуулан нийцүүлэх, кредит цагийг харилцан хүлээн зөвшөөрөхөд түлхэц болдгоороо онцгой ач холбогдолтой аж.

Холбоотой мэдээ