Анхдугаар хуралдааныг хууль бус гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-19 15:38:42

Өмнөговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өчигдөр болсон хэдий ч тус аймгийн АН-ынхан уг хуралдааныг хууль бус гэж үзлээ.

Хуралдаан өглөө 09 цагт эхлэх ёстой байсан ч МАН-ын төлөөллүүд ирээгүй юм. Харин үдээс хойш АН-ынхан хуралдаанд оролцсонгүй. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан МАН-ын 15 төлөөлөгч уг хуралдааныг үдээш хойш зохион байгуулж Хурлын дарга, аймгийн Засаг дарга нараа сонгосон байна. Уг хурлын төгсгөлд МАН-аас Цогтцэций суманд нэр дэвшсэн 4 нэр дэвшигчийнхээ төлөөлөгчийн эрхийг баталгаажуулсан байна. Хэдийгээр тэд ялалт байгуулсан хэдий ч хууль зөрчсөн үйлдэл нь илэрсэн гэх уг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд төлөөлөгчийнхөө түр үнэмлэхийг аваагүй байсан юм.

Тус аймгийн ИТХ нь 33 мандаттай хэдий ч ийнхүү 15 төлөөлөгч хуралдсан байна.

Харин тус аймгийн МАН-ынхан түр үнэмлэхээ авсан 29 төлөөлөгчөөс 15 нь байгаа учир хурлын ирц 51 хувьтай гэж үзсэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ