Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацааг шинэчилжээ.
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар мөн байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг өнгөрсөн сард шинэчлэн баталсан байна.
Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болж байна. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний асран хамгаалагчдад тулгардаг хүндрэл, чирэгдэл багасах аж.
Жагсаалтыг шинэчлэн баталснаар шинээр нэмж бүртгэсэн 58 оношийн хүрээнд 1300 гаруй хүүхэд, мөн тооны эцэг, эх байнгын асаргааны тэтгэмжид хамрагдахыг ХНХЯ мэдээллээ.
Нийгмийн халамжийн сангаас 2022 онд энэ үйлчилгээнд 13 мянга гаруй хүүхдийг хамруулж 31,5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.