Болзолт уралдааны ялагчдыг Азийн наадам үзэх эрхээр урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-11 09:17:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпын академитай хамтран улсын хэмжээний бүх ерөнхий боловсролын сургуулийн дунд зарласан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны талаар мэдээллээ.


Тус хэвлэлийн хуралд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний олимпын академийн дэд ерөнхийлөгч Б.Буяндэлгэр, Нийслэлийн боловсролын газрын Биеийн тамирын боловсрол, удирдлагын хөгжил хариуцсан мэргэжилтэн А.Гантулга, МҮОХ-ны Олимпын боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж нар оролцов.


“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаан 2021 оны 12 дугаар сарын 27-ноос 2022 оны тавдугаар сарыг 1-ний хооронд үргэлжилнэ. Энэ удаагийн болзолт уралдааныг БШУЯ, БТСУХ-ноос дэмжин ажиллаж байгаа гэдгээрээ онцлог юм.


Уралдааны хүрээнд манай орны ерөнхий боловсролын сургуулиудын олимпын танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх, бие бялдрын хүмүүжлийн ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, биеийн тамирын багш нарын ажлын хариуцлага, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой ажлууд зохиогдох юм.


Энэ хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэхээр төлөвлөөд байна.


-Аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүд болон Биеийн тамир, спортын газруудын уялдаа холбоог нэмэгдүүлэх, үр дүнг дээшлүүлэх;


-Өсвөр үеийнхэнд олимпын боловсрол олгох ажлын агуулга, хэлбэр, үр дүн, ач холбогдлыг сайжруулах;


-Ерөнхий боловсролын сургуулиуд дахь олимпын танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх;


-Биеийн тамирын хичээлийн агуулгыг баяжуулах, явуулах хэлбэрийг    өргөжүүлэх;


-Биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилгыг дэмжих,   хөдөлмөрийн үр дүнг үнэлэх асуудал тус тус орно.


Болзолт уралдааны ялагчдыг “Ханжоу-2022” Азийн наадам үзэх эрхээр урамшуулахаар төлөвлөжээ. Өмнөх болзолт уралдаанд 21 аймаг, 8 дүүргийн 350 гаруй ерөнхий боловсролын сургууль хамрагдаж, энэ хүрээнд спорт, олимпизмыг сурталчлан таниулсан 1000 гаруй ажил зохиогдож, 300 мянга гаруй хүн хамрагдаж байжээ.

Холбоотой мэдээ