Цэцэрлэгүүдэд 314 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймаг төрийн өмчийн 38 цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг олголоо
гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Завхан аймаг сургууль, цэцэрлэгүүдийн багш нарыг ажил дээрээ хөгжих, чадвараа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор багш хөгжлийн төвүүдийг байгуулж байгаа. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын найман сургууль дээр багш нарын мэргэжил дээшлүүлэх, ажлаа цаг хугацаа харгалзахгүйгээр чөлөөтэй хийх боломж нөхцөлөөр нь хангасан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий төвүүдийг байгуулжээ.
Тодруулбал, өнгөрсөн жил 85 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх багш хөгжлийн төвийг байгуулсан. Тэгвэл энэ жил 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 сургууль, дөрвөн цэцэрлэгт багш хөгжлийн төвийг байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит 38 цэцэрлэгт 314 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Тухайлбал, зөөврийн болон суурин компьютер, өнгөт, хар цагаан хэвлэгч, хувилагч машин бүхий тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө. Сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй багш нар ихэвчлэн ажлын байран дээрээ байнгын үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг онцлогтой. Тиймээс хөдөө орон нутагт ажиллаж буй багш нарыг ажил дээрээ хөгжих, бие биеэсээ суралцах, орчин үеийн техник технологи дээр суралцангаа ажиллах боломжоор хангаад буй юм гэв.