Асгатад иж бүрэн Эрүүл мэндийн төв ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-07-19 01:42:41

Завханы Асгат сумд улсын төсвийн  нэг тэрбум 13 сая төгрөгний өртөгтэй хөрөнгө оруулалтаар 10 ортой Эрүүл мэндийн төв ашиглалтад оржээ.

Энэ төв нь эмчийн байр, автомашины граж, уурын зуухны барилга, анатоми, эмгэг судлалын өрөө гэхчлэн иж бүрэн төв ажээ. Энэхүү төвийг орон нутгийн компани болох Ж.Буянтогтох захиралтай “Алтан харш” ХХК  барьж дуусган ашиглалтанд оруулжээ.  Мөн 360 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын дулаан, халаалтыг улсын төсвөөс 217.0 сая төгрөгийн хөрөнгөөр засварлажээ.  ОНХС-аар төсөвлөгдсөн 53.3 сая төгрөгөөс 45.0 сая төгрөгийн санхүүжилт суманд ирж, орон нутгийн нийтийн зориулалттай барилга байгууламжийн засвар,  үйлчилгээ хийх, тоног төхөөрөмж, эд хогшил бэлтгэх, хайгуул  шинжилгээ, судалгааны зэрэг ажилд зарцуулагдсан байна. Ер нь сум хөгжүүлэх сан, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө мөнгө орон нутагтаа төлөвлөсөн олон ажлыг хийхэд зарцуулагддаг болохоор сангийн хөрөнгө оруулалтыг цаг тухай бүр нь шийдэж өгч байвал их зүгээр юм хэмээн нутгийн иргэд ч ам сайтай байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ