Монгол Улсын 4028 иргэн Казахстанд амьдарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-01-06 11:56:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яам (ГХЯ)-наас гаргасан мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Казахстан Улсын Засгийн газар энэ сарын 1-нээс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотуудад нэгдүгээр сарын 2-ны өдөр  гарч, Алматы, Нур-Султан зэрэг хотод тэлж, улмаар шаардлага нь зөвхөн хийн үнийн асуудал бус, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн хэлбэрт шилжив. 


Нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев нэгдүгээр сарын 4-нд Мангистау муж болон Алматы хотод, 5-ны 16.00 цагт Нур-Султан хотод онц байдал зарлаж,  дараах арга хэмжээ авч эхлээд байна:


1. Нийтийн хэв журам сахих, онцгой чухал обьект, иргэдийн амь нас, нийтийн тээврийн үйл ажиллагааг хангах байгууламжийн хамгаалалтыг бэхжүүлэх;


2. Алматы, Нур-Султан хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөг хязгаарлах;


3. Иргэний үнэмлэхийг баталгаажуулах, биечлэн шалгах, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах;


4. Алматы, Нур-Султан хот руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах;


5. Тайван жагсаал, спортын болон бусад төрлийн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох;


6. Ажил хаялт, хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, зогсоох зэргийг хориглох;


7. Зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодис, тусгай хэрэгсэл, хортой бодис худалдахыг хориглох, эм, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис, түүнчлэн этилийн спирт, согтууруулах ундааны бүтээгдэхүүний эргэлтийн тусгай дэглэм тогтоох;


8. Хувь хүн, хуулийн этгээдээс зэвсэг, сум, хорт бодисыг түр хураан авах, зэвсэг, сум, хорт бодис, түүнчлэн цэргийн болон сургалтын техник, тэсэрч дэлбэрэх бодис, цацраг идэвхт бодисыг түр хураах, зэрэг болно.


Ерөнхийлөгч К.Токаев 20.00 цагт /орон нутгийн цагаар/ ард түмэндээ хандаж “Төрийн тэргүүний хувьд, мөн өнөөдрөөс Аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд ард иргэдийн энх амгалан, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө бүхий л арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн. Тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын үүргийг 5-ны өдрийн 16.00 цагт тус улсын Ерөнхийлөгч асан Н.Назарбаеваас аваад байгаа аж. 


/Жич: Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев 2019 оны 3 дугаар сарын 20-ныг хүртэл Казахстаны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Ерөнхийлөгчийн албаа өгснөөс хойш Аюулгүй байдлын зөвлөлийн дарга, эрх баригч “Нур-Отан” намын даргын албыг нэг хэсэгтээ хашсан хэвээр байсан.  2021 оны 11 дүгээр сард тэрээр намын даргын албаа Казахстаны Ерөнхийлөгч К-Ж.Токаевт шилжүүлж, 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Аюулгүй байдлын зөвлөлийн дарга байв./


Түүнчлэн Ерөнхийлөгч К.Токаев 20.00 цагт нөхцөл байдалтай холбогдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн тухай мэдээлж байна. 


1 дүгээр сарын 5-ны Казахстаны Нур-Султан, Алматы Актау, Жанаозен, Атырау, Кызылорда, Исатая, Махамбета, Таразе, Шымкенте, Кокшетау болон бусад хотод томоохон жагсаал гарсан. Жагсагчид Алматы хотын захиргааны байр, нисэх онгоцны буудлыг эзэлсэн байна. Харин орон нутгийн хэвлэлээр цагдаагийн алба хаагчид жагсагчдын үйлдлийг таслан зогсоож тус байрыг чөлөөлсөн гэх мэдээлэл гарч байна.


1 дүгээр сарын 5-нд тус улс интернэт сүлжээг хязгаарлаж Facebook, Viber, WhatsApp, Instagram зэрэг нийгмийн сүлжээг хааж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Харин 6-ны өдрийн өглөө интернэт сүлжээг сэргээж эхлээд байна. 


Олон улсын хэвлэлээр нийт 10 гаруй хүн амиа алдаж, зарим газар цагдаа нар жагсагчдын талд орсон тухай мэдээлэл ч гарч байна. Японы Никкэй сонины мэдээлснээр, 100 гаруй цагдаагийн ажилтан бэртэж, 200 гаруй иргэнийг хорьж саатуулаад байна. Мөн 190 иргэн эмнэлгийн тусламж авснаас 137 нь цагдаагийн албан хаагчид байсан гэх мэдээлэл байна. Мөн Аэрофлот зэрэг гадаадын компаниудын нислэгүүд зогссон, иргэд банкнаас их хэмжээгээр мөнгөө татан авч байна, ихэнх телевизийн сувгууд нэвтрүүлгээ зогсоосон гэх мэдээллүүд цахим орчинд гарч байна. 


Казахстан дахь Монгол иргэдийн тухайд:


Өнөөдрийн байдлаар манай нийт 4028 иргэн Казахстанд амьдарч байна. Үүнээс 1383 хүн хууль ёсны дагуу, 1600 хүн хууль бусаар оршин сууж, нийт 1045 оюутан сурч байна. Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байна. 


Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон тохиолдол одоогоор байхгүй байна. 


Бүгд Найрамдах Казахстан Улсад үүсээд буй нийгмийн эмх замбараагүй байдлын улмаас тус улсад байгаа монгол иргэдийн эрүүл мэнд, бие махбодид хохирол учирсан тохиолдол одоогоор гараагүй байна. 


ГХЯ-ны зүгээс үйл явдлын явцыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар явахгүй байхыг БНКазУ-д байгаа иргэддээ зөвлөж байна.


Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нур Султан дахь ЭСЯ-ны +77172266773,+77055840628, +77051395535 болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох боломжтой.

Холбоотой мэдээ