Н.Алтанхуяг: Төрийн байгууллагын албан тушаалтны хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг хэлэлцэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-01-06 10:26:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 


Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. 


Хуралдааны төгсгөлд "Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээлэл сонсохоор төлөвлөжээ. 


Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хэлэлцэх асуудлын жагсаалтад Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хойшлуулахаар тогтсоныг дурдаад, "Ннийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоохдоо таван жилийг дундажлах хуулийн төсөл миний бие өргөн барьсан. Тус хуулийн төслийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцэхээр төлөвлөсөн. Багц хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тогтсон. Тиймээс ахмадуудын тэтгэврээ өндөр тогтоолгох боломжийг хангах үүднээс миний өргөн мэдүүлсэн төслийг ирэх долоо хоногоос хоёр дахь хэлэлцүүлэгт нь бэлтгэж оруулахыг хүсэж байна" хэмээв.


Мөн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, хэлэлцэх асуудлын жагсаалтад Төрийн байгууллагын албан тугшаалтнууд хууль зөрчиж байгаа асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр УИХ-ын даргын захирамжаар ажлын баг байгуулсныг тэмдэглэлээ. Тус ажлын багийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх шаардлагатайг хэлж байлаа. Тэрбээр, "12 дугаар сарын 31-нд АН-ын асуудлаар УДШ шийдвэр гаргасан. Хэдийгээр үнэнд гүйцэгдэж оройтож шийдвэр гаргасан ч баяртай байна. Учир нь хоёр АН байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрлөө" хэмээв.


Төрийн байгууллагын албан тушаалтнуудын хууль зөрчсөн асуудлаар санал, дүгнэлт боловсруулах Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Алтанхуяг нарын гишүүдийн тавьсан асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, "Ажлын баг дүгнэлтээ гаргасан, ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж Байнгын хороогоор хэлэлцэхэд бэлэн байна" хэмээв. УИХ-ын дарга Г.Занданшатар тус асуудлыг ирэх долоо хоногийн хуваарьт оруулж хэлэлцэхийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд чиглэл болгов.

Холбоотой мэдээ