Зургаан ахмад "Гэрийн сайн багш"-аар шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ахмадын хорооноос ГБХЗХГ-тай хамтран монгол
уламжлал, өв соёлыг хүүхэд залуучуудад өвлүүлэх, зааж сургах үйлийг дэмжих
зорилгоор жил бүр “Гэрийн сайн багш” ахмадуудыг шалгаруулдаг уламжлалтай.
2021 оны
"Гэрийн сайн багш"-аар Сайхан-Овоо сумын ахмад настан Д.Алтанцэцэг, Г.Цэдэнбямба, Өндөршил сумын ахмад Д.Сумъяа,
П.Должинсүрэн, Адаацаг сумын ахмад Ш.Цэндмаа, Дэлгэрхангай сумын ахмад настан Ю.Цэцэгсүрэн
нар шалгарсан байна.
Д.Алтанцэцэг монгол хэл, уран зохиолын
багш мэргэжилтэй. 2012 онд тэтгэвэртээ гарснаас хойш сумандаа тасралтгүй
дугуйлан секц хичээллүүлж, сургалт зохион байгуулан хүүхэд багачуудын авъяас
чадварыг хөгжүүлдгээс гадна хичээлээс хоцорсон сурагчдад гэрээр давтлага өгч сурлагын
хоцрогдлыг арилгадаг.
Г.Цэдэнбямба Сайхан-Овоо сумын Найз
багийн малчин. Тэрээр хүүхэд багачуудад уламжлалт монгол ахуй, соёл зан заншлаа
өвлүүлэн, номтой нөхөрлүүлж, өөрөө үлгэр туульс ярьж хүмүүжүүлдэг нэгэн. Түүний
шавь, ач зээ нар нь зөв хүмүүжиж, хичээл сурлагадаа тэргүүлж, сургуулийн
бусад сурагчдад үлгэр дуурайл болж байна.
Д.Сумъяа нягтлан бодогч мэргэжилтэй. 2002
онд тэтгэвэртээ гарсан. Тэрээр залуучуудыг өөрийн мэргэжилдээ дагалдуулан ажиллуулж,
мэргэжлийнхээ дагуу 6 залуу боловсон хүчнийг бэлтгэжээ. Тэтгэвэртээ гараад
монгол дээл хувцас эсгэх, оёх үйлд залуучуудыг сургаж, өв уламжлалаа түгээн
дэлгэрүүлж байгаа хүн юм.
П.Должинсүрэн малчин. 30 гаруй жил мал
аж ахуйн салбарт хүч хөдөлмөрөө зориулж, мал маллах арга ухаан, сүү цагаан идээ
боловсруулах, арьс шир элдэх, энчлэх, монгол дээл оёх, бэлчээр хамгаалах, мал
аж ахуйн уламжлалт тоног төхөөрөмж хийх зэрэг өвийг хүүхэд, залуучуудад заан
сургаж байна. 78 настай тэрээр “хүн ер нь мэдсэн сурсан, чадвар туршлагаа
бусдад зааж өвлүүлэх шиг сайхан зүйл үгүй” хэмээн шавь нар болон хүүхдүүддээ
сургадаг.
Ш.Цэндмаа математикийн багш мэргэжилтэй.
2011 онд тэтгэвэртээ гарч, хувиараа оёдол, засвар үйлчилгээ эрхэлж байна.
Тэрээр сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах, тэтгэврийн насанд хүрч байгаа
ахмадуудыг тэтгэвэрт гарахад нь бэлтгэж, сургалт явуулдаг. Мөн оёдлын чиглэлээр
сургалт явуулж, ажилгүй залуучуудыг сурган ажлын байр нэмэгдүүлсэн.
Ю.Цэцэгсүрэн багш мэргэжилтэй. 2014 онд
тэтгэвэрт гарч, хичээлдээ хоцорсон сурагчдад сургалт явуулж, төгсөх ангийн
сурагчдад тогтмол давтлага өгдөг аж. “Оюуны хөгжил” сургалт явуулж, сумынхаа
хүүхэд залуучуудын сэтгэхүйг хөгжүүлдэг ба түүний шавь нар оюуны олон уралдаан
тэмцээн, олимпиадад амжиллтай оролцдог байна.
Гэрийн сайн багшаар шалгарсан ахмадууд эзэмшсэн мэдлэг,
мэргэжлийн өндөр ур чадвар, баялаг туршлага, шилдэг арга барилтай бөгөөд
түүнийгээ залуу хойч үедээ өвлүүлэхэд санаачилга гарган, идэвхийлэн ажилладаг
хүмүүс байдаг. Тиймээс жил бүр тэднийг ийнхүү шалгаруулж, өргөмжлөхөөс гадна
ажил үйлийг нь сурталчлан таниулдаг ажээ.