Цахилгааны төлбөрийг ирэх оны тавдугаар сарын 31 хүртэл хөнгөлөхөөр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-31 13:20:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, ирэх оны тавдугаар сарын 31 хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс хөнгөлөх шийдвэр гаргасан тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэв.


Тодруулбал, гэр хорооллын өрхийн цахилгааны хэрэглээний 350 кВт,  орон сууцны айлын 250 кВт хүртэлх цахилгааны төлбөрийг сар бүр төрөөс хариуцаж төлөх юм. Түүнээс илүү гарсан төлбөрийг тухайн айл өрх өөрсдөө хариуна. 


Цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийг сааруулах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүч, дулаан, хог, усны төлбөрийг төрөөс бүрэн даасан. Энэ хугацаанд нийт 890 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд өнөөдрөөр энэ хөнгөлөлтийн хугацаа дуусаж байгаа юм. Цаашид айл, өрхийн зөвхөн цахилгааны хөнгөлөлт дээрх байдлаар үргэлжлэх бол аж ахуйн нэгжүүд төлбөрөө төлж эхэлнэ.


Энэхүү шийдвэрийн хүрээнд эрчим хүчний салбарт ачаалал нэмэгдэж байгаа тул хөнгөлөлтөд дээд хязгаар тогтоосон байна. 250-350 кВт гэсэн хязгаарыг тогтоохдоо айл, өрхүүдийн цахилгаан хэрэглэж байгаа дунджийг баримталжээ. Тухайн хөнгөлөлтөөр нийт айл, өрхийн 73 хувь нь цахилгаанаа бүрэн төлүүлэх боломжтойг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо. 


Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрөөс энэхүү хөнгөлөлтийн санхүүжилтийг гаргах юм байна.

Холбоотой мэдээ