“Болор цом-39” наадмын дэд байрт яруу найрагч Т.Бямбасүрэн шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв/МОНЦАМЭ/ Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 24-ний өдөр Соёлын төв өргөөнд болж, яруу найрагч Б.Болорцэрэн тэргүүлэн, аман хүзүүнд Төв аймгийн Жаргалант сумын уугуул Зуунмод сумын яруу найрагч Т.Бямбасүрэн шалгарсан юм. Ийнхүү “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч Т.Бямбасүрэнгийн шүлгийг уншигч танаа хүргэе.
Сэдэв болох энэ түүхийг би
Сэхээн амьдруулахын хүндэт эмчээс
сонссон юм
Ажлаа л хийж жаргадаг залуухан
эмч байж
Амь тэмцсэн хүмүүсийг авардаг
байж
Эмнэлэгтээ л байхдаа цовоо
сэргэг, цог галтай
Эргэн тойрондоо эрчим нь
мэдрэгддэг хүү байж
Ганцхан ээжтэйгээ галаа тойрч аж
төрдөг тэр
Гардаж эдгээсэн бүхнээ ам бүл
минь гэдэг байж
Улиас навчаа гөвөөд л хатаж
бутрахын чийхарсан дуутай
Урт намрын үдэш амьдрал үхлийн
зааг дээрх
Амьсгал, зүрх нь зогссон хөөрхий
эмэгтэй ирж
Амьдруулах гэж өчнөөн эмч,
сувилагч тэмцэж
Залуу хүний гар шалмаг
Залгаа залгаа шаардлагатай
бүхнийг хийж гэнэ
Цаг илүү оролдоод авралгүйтэй
эвлэрч
Царай төрх бүхэнд гуниг мэлтэлзэж
Анхи шанааг нь дагаад хөлс урссан
сувилагч охин
Ар гэрийнхэнд нь одоо мэдэгдэх үү
гэж
Эмч залуу өөдөөс нь ч харалгүй
толгой дохих
Энэ төрх урьдынхаасаа нэг л
хөндий санагдаж
Хүүхэд бүрийн хайрыг татдаг
буурал асрагч
Хүн ирээгүй бололтой гээд үүдэнд
зогсож байж
Аниргүй эгшин дунд өнөөх эмч
талийгч руу тонгойсноо
Амьдралын будантай зулайг нь
өмөлзөн үнсэж
Хүүгээ уучлаарай ээжээ ... гэж
шивнээд л
Хүний элэг эмтрэн уйлсан гэдэг
Асрагч эмгэн л хамгаас түрүүлж
ухаараад
Аяархнаар хаалгаа хаах хүртэл
бусад нь ойлгоогүй гэнэ ээ.
Тэрбээр “Би дандаа л" тэргүүт шүлгээрээ “Тагтаа 2020” уралдааны ялагчаар тодорч байсан юм.