ДЭМБ: “Омикрон” хувилбар 106 оронд бүртгэгдээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-12-22 18:05:42

ЖЕНЕВ. /CNN/. Дэлхийн хэмжээнд коронавирусний “дельта” хувилбар давамгайлан тархсан хэвээр байгаа ч “омикрон” хувилбарын тохиолдол нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдэгдлээ.


COVID-19”-ийн тархалтын талаарх долоо хоног тутмын шинэ тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд нарийвчлан шинжилсэн сорьцуудын 96 хувиас “дельта” хувилбар илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос /99.2 хувь/ ялимгүй буурсан үзүүлэлт болсон бол “омикрон” хувилбарын эзлэх хувь өмнөх долоо хоногийнхоос 1.2 хувиар өсөж, 1.6 хувьд хүрчээ.


ДЭМБ-ын мэдээллээр, “омикрон” хувилбар 106 оронд батлагдаад байна.


“Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд “омикрон” хувилбар “дельта”-гаас хурдан тархдаг болохыг харуулж байгаа бөгөөд коронавирусний халдвар өргөн хүрээг хамран тархсан, вакцинжуулалтын түвшин өндөр орнуудад ч ийм байдал ажиглагдаж байна” гэж тус байгууллага мэдээлжээ. 


Харин шинэ хувилбар өвчтөнүүдийг хүндээр өвчлүүлдэг эсэхийг дүгнэх баримт нотолгоо хангалтгүй байгаа ч Их Британи, Өмнөд Африкт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэх болжээ.


COVID-19”-ийн өвчлөл энэ эрчээрээ хурдацтай нэмэгдвэл эмнэлгүүдийн ачаалал хэтэрч болзошгүй. Урьдчилсан мэдээллээр вакцинд бүрэн хамрагдсан, “SARS-CoV-2” вирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн бие дэх “омикрон”-ыг саармагжуулах эсрэг биетийн түвшин буурсан байдал ажиглагдсан. Эдгээрээс үзэхэд шинэ хувилбарын учруулж болзошгүй эрсдэл өндөр хэвээр байна” гэж тайланд дурджээ. 

Холбоотой мэдээ