"Ногоон Өлгий" дэд хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-16 19:31:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор "Ногоон Өлгий" дэд хөтөлбөрийг баталсан.

Тус дэд хөтөлбөр нь 2022-2025, 2026-2030 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд энэ хугацаанд аймгийн хэмжээнд нийтдээ 20 сая мод тарихаар төлөвлөжээ. Мөн аймгийн ойн сангийн талбайг 0,8 хувиар нэмэгдүүлэхийг зорилго болгосон байна.

Цэцэрлэгт хүрээлэн, таримал ойн төгөл байгуулах замаар одоо байгаа 915,5 га ногоон байгууламжийн талбайг 2030 он хүртэл 3 мянган га-д хүргэх аж.

Энэ хүрээнд:

- Ойжуулалт, ойн зурвас байгуулах зорилгоор 540 байрлалыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах;

- Шинээр 4 мод үржүүлгийн талбай байгуулах;

- Ховд голын эргийн ойн нөхөн сэргээлтээр 500 га газарт 1,25 сая;

- Булаг шандын голдирол дагуу 1000 га талбайд 2,5 сая;

- Өлгий суманд 300 га талбайд 900 мянга;

- Толбо нуурын эко системийг хамгаалах "Агро ойжуулалт" хийх зорилгоор 700 га талбайд 1,12 сая;

- Тариалан, хадлангийн талбайн хамгаалалт болгож 500 га-д 1,12 сая;

- Аймаг, сумдын төвд 500 га газарт зориудаар ойн зурвас, ногоон төгөл байгуулах замаар 1,25 сая;

- Ой дотор 3892 га газарт ойжуулалт хийх замаар 1,23 сая мод тарих зэргээр дээрх зорилтод түвшинд хүрэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ