Сэлэнгийн гааль ачаа шалгах рентгэн төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 16:26:05

Гаалийн Ерөнхий газрын захиалгаар БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Сэлэнгэ дэх Гаалийн газарт ачаа тээврийн шалгалтын хугацааг бууруулах зорилготой ZHС иж бүрдэл төхөөрөмж  суурилууллаа.

Сэлэнгэ аймгийн гаалийн газрын мэдээгээр энэ оны 9-р сарын байдлаар 36369 ачааны автомашин Алтанбулаг боомтоор дамжин өнгөрсөн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 40.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Сүүлийн жилүүдэд ОХУ-аас бараа тээвэрлэн ирж байгаа ачааны машины жин даац нь эрс нэмэгдэж тэр хэрээр гаалийн байцаагчдын шалгалтын хугацаа нэмэгдэх болжээ. Ачааны автомашин болон чингэлэг дээрх бүх барааг буулгаж шалгадаг, буцаагаад бараагаа ачиж тээвэрлэхэд нэг машинд багадаа хагас өдрийг зарцуулдаг байсан байв. Энэхүү чингэлэг ачааны машин шалгах иж бүрдэл рентген төхөөрөмжтэй болсноор шалгалтын хугацааг эрс бууруулах боломжтой болжээ.

Энэ талаар Сэлэнгэ дэх Гаалийн газрын дарга н.Батхишиг:”Рентгенийн төхөөрөмж нь ачааны машины дугуйнаас ачааны дээд хэсэг хүртэлх бүх орон зайг  харах бөгөөд барааг таних нийт хугацаа нь 60 секунд л болдог. Рентгенд харагдсанаар анхаарал хандуулах хэсэг гарч ирвэл гаалийн байцаагч барааг буулгаж шалгана, Шаардлагагүй тохиолдолд 5 минутад нэг ачааны машиныг бүрэн шалгаж дуусна. Мөн төхөөрөмж дээрх товчлуур бүрээр барааг ангилж ялгаж болох бөгөөд бүх барааг нарийн үзүүлэлтээр нэгд нэгэнгүй харж болохоороо давуу талтай” хэмээн ярилаа. Энэхүү иж бүрэн техник тоног төхөөрөмж, байр, мөн хяналтын байр иж бүрэн компьютер гээд нийт 18.3 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг БНХАУ-ын Засгийн газраас үзүүлжээ. Мөн уг үйл ажиллагаанд оролцсон “Нуктек” ХХК-ийн Ази номхон далайн орнууд хариуцсан орлогч дарга Zheng Jianguo:”БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар уг төхөөрөмжийг анх 2004 он, 2008 онуудад Замын-Үүд боомтод суурилуулж байлаа. Одоо гурав дахь төхөөрөмжөө Алтанбулаг боомтод суурилууллаа. Бид төхөөрөмжиндөө 18 сарын баталгаат хугацаа өгч байна. Ашиглалтын 10 дахь жилээс сэлбэг дагалдах хэрэгслийг нийлүүлэх болно” хэмээн ярилаа.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд