Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Европын холбооны удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-16 01:15:41

АСЕМ-ийн 11 дэх дээд хэмжээний уулзалтын хүрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон Европын холбооны удирдлагууд Шангри Ла зочид буудалд хамтарсан мэдэгдэл хийлээ.

Тэд юуны өмнө Францад болсон халдлагад харамсаж байна гээд Францын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн юм. 

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Европын холбоотой хамтран цаашид ч алан хядах ажиллагааны эсрэг тэмцэнэ гэв. Мөн тэрбээр "Их Британи Европын холбооноос гарч байгаа нь дэлхий нийтэд ойлгомжгүй байдал үүсгэсэн, Хойд Солонгос ч бидний санааг зовоож байна. Гэсэн ч Япон Улс, Европын холбоо дэлхийн эдийн засгийн гол тоглогчид, тэргүүлэгчид хэвээр байх болно. Европын холбоотой Япон улс энэ онд багтаан Чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар ажиллаж байгаа" гэлээ. 

Европын холбооны Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Туск "Их Британи Европын холбооны гишүүнчлэлээс татгалзаж байгаа нь бидний гадаад бодлогод, Япон Улстай байгуулсан харилцаанд огтхон ч нөлөөлөхгүй. Их Британи Европын холбооноос гарах шийдвэрт хүрсэн ч  Европын холбооны гишүүн хэвээр, эрх үүргээ эдэлсээр байгаа" гэсэн юм. 

Төсгөлд нь Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер Францын ард түмэнд хандан, Францаар эмгэнэл илэрхийлээд Европын 27 улс Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар хоёр талын хамтын ажиллагаа улам хөгжинө гэв.

Н.Туяа

Холбоотой мэдээ