А.Мекейн нэрэмжит олимпиадад тэргүүлсэн багийг 1,7 сая төгрөгөөр шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-11 12:49:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор, академич Абишийн Мекей агсны нэрэмжит Баруун бүсийн математикийн VII олимпиад Өлгий сумын зургадугаар сургуульд өнөөдөр эхэллээ.

Тус олимпиадад Увс аймгаас 3, Ховд аймгаас 2, Баянхонгор аймгаас 2, Баян-Өлгий аймгаас шигшээ 2, мөн тус аймгийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудаас тус бүр нэг, нийтдээ 20 орчим багийн 300 орчим сурагч, 40 гаруй багш оролцож байна.

Баруун бүсийн олимпиадыг зохион байгуулахад 13 сая төгрөг зарцуулж байгаа ба аймгийн ЗДТГ-аас 5, "Туран Ворлд" компаниас таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Үлдсэн санхүүжилтийг "Мекей сан", А.Мекейн нэрэмжит Өлгий сумын зургадугаар сургуулиас гаргасан байна.

"Ивээн тэтгэгчийн зүгээс түрүүлсэн багийг 1,7 сая төгрөгөөр шагнана. Улаанбаатар хотоос МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Сандагдорж, БШУ-ны сайдын орон тооны бус зөвлөх, "Дөрвөн бэрх" академийн захирал Л.Эрдэнэ, тус олимпиадыг санаачлан анхнаасаа оролцож байгаа Дархан хотын "Монгол Оюу" сургуулийн сургалтын менежер Х.Темирхан багш хүрэлцэн ирж зохион байгуулалтын ажилд оролцож байна. Олимпиадыг улсын олимпиадын жишгээр стандарт бус бодлогын хүрээнд явуулна" хэмээн Өлгий сумын зургадугаар сургуулийн захирал  Т.Манкей хэллээ. 

Холбоотой мэдээ